Монголчуудын хувьд намрын дунд сар хурим, найр хийх нь хамгийн тохиромжтой цагт тооцогддог. Гэвч хосуудын хайр сэтгэл, гал голомтоо бадраасны гэрч болдог Гэрлэх ёслолын ордон ковидийн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Тус байгууллагаас хосуудын хуримын захиалгуудыг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэхээр НОК-т хандсан. Тэгвэл НОК-оос уг хүсэлтийн дагуу зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас Гэрлэх ёслолын ордон ес, аравдугаар сарын хуримын захиалгуудаа цуцаллаа.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалттай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар зөвшөөрөөгүй тул ийнхүү үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгджээ.
Иймд ес, аравдугаар сард гэрлэх ёслолоо хийхээр захиалга өгсөн байсан хосуудыг холбогдохыг хүсэж, уучлалт хүслээ.
Гэрлэх ёслолын ордонд 2020 онд 620 орчим хурим болсон нь урьд жилүүдээсээ дунджаар 300-аар буурчээ. Харин энэ сард 100 орчим хос гэрлэлтээ батлуулахаар захиалгаа өгөөд байжээ.