Төв аймаг 2020-2021 он буюу цар тахалтай үед цэцэрлэг сургуулиудаа шинэчилсэн. Мөн шинээр нэмж гурван дотуур байр, таван сургууль, гурван цэцэрлэгийг аравдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэ талаар Төв аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Ундрахбаяр “Хичээлийн шинэ жилийн тухайд ерөнхий боловсролын сургуульд 17,900 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 7000 гаруй хүүхэд хамрагдахаар байгаа. Энэ оны хичээлийн жилийн тухайд гурван дотуур байр, гурван цэцэрлэг, таван ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга ашиглалтад орно. Есдүгээр сарын 1-нд Эрдэнэсант сумын 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орсон. Мөн өмнөх онд барилгын үйл явц 100 хувь дуусчихсан. Гэхдээ ковидийн нөхцөл байдлаас хамаараад хүүхдүүдээ хүлээж аваагүй байсан Алтанбулаг сумын цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж аваад хоёр шинэ барилга дээр бид хүүхдүүдээ хүлээж авсан. Үлдсэн барилгын хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хил гааль дээр барилгын материал нийлүүлэлт удаашралтай байгаа. Гэхдээ бүх барилгуудаа бид 10 сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр хамтран ажиллаж байна” гэлээ.
Төв аймгийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын бүх багш ажилчдын нийт 98 хувь нь хоёр тун вакциндаа хамрагдсан байна. Мөн 12-18 насны хүүхдүүдийн 64,7 хувь нь хоёр тун вакциндаа хамрагджээ. Хүүхдүүдийн вакцинд хамрагдалт хичээл сургуулийн үйл ажиллагаа танхимаар эхэлсэнтэй холбоотой өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэж холбогдох мэргэжилтэн хэлсэн юм.
“Хүмүүн цогцолбор бага сургуульд маань 1616 суралцагч сурч байна. Түүнээс 1314 сурагч өнөөдрийн байдлаар хичээлдээ ирсэн. Нийт хүүхдийн 87 хувь нь өнөөдөрийн сургалтдаа хамрагдаж байна. Багш хүүхдүүдүүдийн өвчлөл харьцангуй гайгүй байгаа учраас манайх таван өдрөөр танхимаар хичээллэж байгаа” гэж Хүмүүн цогцолбор сургуулийн бага ангийн сургалтын менежер Ш.Туяагэрэл хэллээ.