Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна.
Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцлов.