2021 онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийгээд байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгаа юм.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн байна.
Гэхдээ таримлын болц, тариалангийн бүс бүрд харилцан адилгүй байгаа тул ургац тогтоолын ажилд хяналт тавих, ургацын болц, төлөв байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, тариаланчдад хураалтын технологийн зөвлөгөө өгөх зорилгоор мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон тариаланчдын холбоны төлөөлөл оролцсон ажлын хэсгийг тариалангийн бүсүүдэд ажиллуулжээ.
Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр тав, зургаадугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор таримлын соёололт удааширсан, мөн зургаа, долдугаар сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөний зэрэгцээ КОВИД-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж улмаар тарьмал ургамал өвчин, хортонд өртөх явдал гарч хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Түүнчлэн наймдугаар сар гарсаар тариалангийн бүс нутгуудаар орж буй усархаг борооны улмаас хожуу гарсан таримал хэнзлэн ургаж байгаа бөгөөд цаашдаа наймдугаар сарын 27-ноос шөнөдөө сэрүүсч хасах хэмийн хүйтэн рүү орох мэдээлэл өгч байгаа нь болц дутуу байсан таримлын ургац хяруу, цочир хүйтрэлтэд өртөж улмаар нийт хураан авах ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж.
Тиймээс ургацыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалах бэлтгэлийг хангах, болц түргэтгэх энгийн механик болон химийн аргыг зөв цаг хугацаанд үр дүнтэй хослон хэрэглэхээр тооцож санхүүжилтээ шийдвэрлэх зөвлөмжийг тариаланчдад өгчээ.
Цаг агаарын хүндрэл учрахгүй бол ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах тооцоо гарчээ
Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн бөгөөд Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд ХНХЯ, БШУЯ, БХЯ, ЭМЯ-тай хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлөмрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ургац хураалтын ажилд оролцох оюутан залуучуудыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Ургац хураалтад нийтдээ 1,041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Энэхүү техникийн иж бүрдлээр ургац хураалтын ажлыг цаг агаарын хүндрэл учрахгүй бол 26-30 хоногт багтаан дуусгах тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болжээ.
Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 24 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хороололын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож хэрэгжилтийг зохион байгуулж буй.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42, 49 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд тариалан бүхий 524 иргэн, аж ахуйн нэгжид 32.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын дунд 10 хоногийн эцэсээр тариалангийн бүс нутгаар хур тундас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байгаа аж.
Эх сурвалж: ХХААХҮЯ