Баянгол дүүргийн Зүүн наранд оршин суух иргэн Могойнд хатгуулж нас баржээ. Тодруулбал, тухайн иргэн наймдугаар сарын 21-ний өдөр зүүн хөлөндөө могойд хатгуулан есдүгээр сарын 1-ны өдөр нас барсан байна.
Бамбай хоншоорт могой үерийн усаар дамжин нийслэлд орж ирэх нь ихэссэн. Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Бамбай хоншоорт могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.
Ерөнхий шинж:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо.
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.
Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгч могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүй мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Могойд хатгуулсан тохиолдолд шингэн зүйл их хэмжээгээр уух, аль болох хөдөлгөөнгүй хүлээж нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.