Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг төрд буцааж авахаа мэдэгдсэн. Тэрбээр гадаадад Монголын их дээд сургуулийн эрэмбийг хойш нь татахаас гадна хүүхдүүдийг төөрөгдүүлж буй учраас энэ нэрийг буцааж авахаа хэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний их сургуулиас мэдээлэл хийж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйхыг шаардлаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийг луйвар хийдэг хэмээн мэдэгдсэн нь гүтгэж, доромжилсон үйлдэл болсон. Тиймээс МҮИС-иас бизнесийн нэр хүндээ хамгаалахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ Л.Энх-Амгалан сайдыг мэдээлэлдээ няцаалт хийж, уучлалт гуйхыг шаардаж буй аж. Шинэ элсэлтийн үеэр салбарын сайд ингэж мэдэгдсэн нь элсэгчдийн тоог багасгаж, ашиг орлогод нь нөлөөлж байгааг тус сургуулиас мэдэгдлээ.
2017 онд МУИС нэрийн давхцал үүсч буй асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр МҮИС-ийн талд гарсан байна. Мөн 2013 онд төрийн Хэлний бодлогын зөвлөлөөс МУИС, МҮИС гэдэг нэршил нь тусдаа гэдгийг тодорхойлжээ.