Украйны ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн АНУ-д хийх айлчлал албан ёсоор эхэлж тэрээр цагаан ордонд АНУ -ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзлаа. Тэдний уулзалт Вашингтонд наймдугаар сарын 31 -нд болох ёстой байсан ч хойшлуулаад байсан юм. Учир нь айлчлал эхлэх үеэр АНУ Афганистанаас цэргээ гаргах ажиллагаагаа дуусаагүй байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уулзалтын үеэр “Бид Украйны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хоёр улсын эрчим хүч эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр хийх нягт хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна” гэжээ. Мөн Украинд гурван тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж уулзалтын үеэр баталгаажуулжээ. Энэ санхүүжилтийг АНУ-н Эксим банк гаргахаар болсон байна. Мөн эрчим хүчний салбарт томоохон хамтын ажиллагаа эхлүүлж цахилгаан станц болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тал дээр үйл ажиллагаа явуулна гэжээ.