Улс төрийн задлан энэ удаа Оюутолгой тойрсон сэдвийн хүрээнд "ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгээ бэлдлээ.
Монголчууд бид Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд 34 хувийн ногдол ашиг авах учиртай. Гэтэл бид 2100 он хүртэл ногдол ашиг авахгүй талаар Рио Тинто компани өөрсдөө бидэнд МЭДЭЭЛСЭН. "ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан
“2050 он гээд Оюу толгойн төсөл зогсоно. Тухайн үед бид 22 тэрбумын зээлийн өртэй үлдэнэ. Ногдол ашиг огт авахгүй. Цааш нь үргэлжлүүлээд газар доор байгаа нөөцөө бүгдийг нь оруулаад тооцож үзье гэхээр Оюутолгой төсөл 2100 он хүртэл ашиглалттай явна. Гэвч бид дахиад л ногдол ашиг авахгүй.
-2100 он хүртэл авахгүй юм уу. Энэ тооцоог Рио Тинто өгсөн юм уу?
-Энэ тооцоог Рио Тинто өгсөн. Тухайн тооцооллыг бидэнд 2020 оны арванхоёрдугаар сард Рио Тинто компани, Туркойз Хилл компаниуд Оюутолгойн зардал хэтэрнэ, хугацаа хойшилно эдийн засгийн тооцоолол нь энэ байна гэж өгсөн.
ХЗДХ-ийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар
“Хоёр зүйлд маш их итгэл үнэмшилтэй явсан. Нэгдүгээрт, татвараа авна гэсэн. Хоёрдугаарт, бид ногдол ашиг авна гэсэн ийм агуулгаар тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, зурсан, төсөл эхэлсэн. Ингээд харахаар манай улсад ногдох энэ талхны ногдол нь яг эсрэгээрээ байгаа гэдэг зүйл бий. Энэ төсөл эхэлснээс хойш ашигтай ажилласан тохиолдол байхгүй”
Монголчууд бид Оюутолгой төслөөс татвар авах учиртай. Одоо авч байгаа татвар нь чамлалтгүй гэгддэг. Гэхдээ 2100 он хүртэл авах татвар шалихгүй байх тухай Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан МӨН ХЭЛЛЭЭ.
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан
“Энэ асуудлыг бид ТУЗ-ийн хүрээнд ярилцахад манай ТУЗ-ийн хөрөнгө оруулагч талын гишүүд “Гэхдээ та нар татвар авна” гэж хэлдэг. “Та нар нэлээд их хэмжээний татвар авна. Монгол Улсын эдийн засаг, Монгол Улсын иргэд ажилтай байна. Та нар ногдол ашиг авахгүй байсан ч татвараа л ав л даа” гэдэг.
-Татвар аваад тэр нь хэд болох юм бэ?
-Татвар аваад бидний хүсээд хүлээгээд байгаа 53 хувьдаа хүрч чадахгүй.
-53 хувь битгий хэл тэр авч байгаа татвараа хуримтлууллаа гэхэд 22 тэрбумынхаа өрийг дарж чадах уу?
-Чадахгүй. 2051 он хүртэл үйл ажиллагаа явуулахад Оюутолгой компани үйл ажиллагааны орлогын албан татвар бараг төлөхгүй. Гурван жил л төлнө. Яагаад вэ гэхээр зардал нь хэтрээд байна. Хүмүүс тэгээд яах гээд байгаа юм үйл ажиллагаагаа явуулаач гэдэг. Зардал хэтэрч байгаагийн нөгөө талд нь элэгдэл хоргодлын зардал өндөр болдог. Элэгдэл, хоргодол татвараас хасагдах зардал. Орлогын албан татвар төлөхгүй нөхцөлтэй.
-Ашиг үзэхгүй юм чинь орлогын албан татвар яаж төлөх юм бэ?
-Тийм.
ХЗДХ-ийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар
“Би Оюутолгой Эрдэнэт хоёрыг харьцуулсан харьцааг өгье. Өөрөөр хэлбэл Оюутолгой хэчнээн хэмжээний хүдэр гаргаад, хэчнээн хэмжээний татвар Монголд өгч байгаа. Оюутолгой хэчнээн хэмжээний олборлолт хийгээд хэчнээн хэмжээний татвар өгч байгаа гээд энэ хоёрыг харьцуулахад их өөр тоо гарна. Мэдээж Эрдэнэт бол их олон жилийн өмнө хийгдсэн гэрээ, хэлэлцээр. Эрдэнэт өсөн нэмэгдэх татвар төлдөг гэдэг утгаараа оргил үедээ 19 хувь хүртэлх татварыг Монголын Засгийн газарт өгч байгаа юм. Оюутолгой бол зөвхөн 5 хувь дээрээ тогтож байгаа”
"ГҮНИЙ УУРХАЙН ГҮН РҮҮ" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.