Өнгөрсөн өдрүүдэд Боловсролын зээлийн сангаас тэргүүлэх 72 чиглэлийн мэргэжилд зээл олгох талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан өвөл, хавар төгсөх зээлтэй оюутнуудын төлбөр ороогүйгээс үүдэн дипломоо авч чадахгүй байдалд хүрдэг. Тиймээс энэ оны өвөл болон хавар ийм асуудал үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авч ажиллах талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос тодрууллаа.
-Юун түрүүн тэргүүлэх чиглэлийн 72 мэргэжилд зээл олгоно гэсэн байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу? Оюутан хөгжлийн зээлээр сурдаг байсан бүх оюутнууд хамрах боломжтой юм уу?
-Бакалаврын түвшинд 35, магистрын түвшинд 25, докторын түвшинд 12 төрлийн мэргэжлийг тэргүүлэх чиглэлийн мэргэжил гэж үздэг. Нийтдээ 72 чиглэлийн мэргэжилд оюутны хөгжлийн зээл олгоно. 2020 оны Засгийн Газрын 70 дугаар тогтоолын хавсралтан дээр сая дурдсан мэргэжлийн жагсаалт байгаа. 2018 оноос хойш оюутны хөгжлийн зээлд 2.8-аас дээш голчтой оюутнууд хамрагдсаар ирсэн. Өмнө оюутан хөгжлийн зээл авч байсан бүх оюутнууд авна гэсэн үг. Харин нэгдүгээр курсын хүүхдүүд тэргүүлэх зэргийн мэргэжлээр авна.
-Жил бүр оюутнуудын төлбөр сургууль руу ороогүй байдаг учраас дипломоо авч чадахгүй байна гэсэн асуудлууд үүсдэг. Ийм асуудал гаргахгүйн тулд танай зүгээс хэрхэн арга хэмжээ авах вэ?
-Зээлийн сан төлбөр орох үгүйг мэддэггүй. Боловсролын зээлийн сан төрийн үйлчилгээг л үзүүлдэг байгууллага. Төлбөр Сангийн яамны төрийн сангаас ордог. Оюутны хөгжлийн зээлийг олгохын тулд БСШУ-ны сайд болон сангийн сайдын хамтарсан тушаал гардаг юм. Өөрөөр хэлбэл МУИС-ийн хэдэн оюутанд, тийм зээл олгоно гэх тушаал гаргадаг. Тэр тушаалын дагуу бид ажлаа явуулдаг. Тэр тушаал нь 10 болон 2 дугаар сард гардаг байгаа. Одоо тэрхүү квот нь 10 дугаар сард батлагдана. Төрийн өмчийн зургаан сургуулийн захирлуудад мэдэгдэсэн. Ямар ч оюутнаас ямар ч төлбөр нэхэхгүй гэж.
-Оюутан хөгжлийн зээл авахаар шалгууртаа тэнцсэн ч зээл олгохгүй байна гэх зүйл яригддаг. Энэ тал дээр?
-2021 оны төсөв 2020 оныхоо 11 дүгээр сарын 15-нд батлагддаг. Зээлийг төсөвлөсөн мөнгөнийхөө хэмжээгээр л олгоно. Оюутан шалгуураа хангасан ч гэсэн зээл олгох оюутны тоо гүйцсэн бол ямар ч боломжгүй. Тухайн оюутны зээлийг боловсролын зээлийн сан гаргах ямар ч боломжгүй шүү дээ. Манай боловсролын зээлийн сан дээр төсөвлөсөн мөнгийг л зарцуулах үүрэгтэй.
-Өнгөрсөн хавар манай сайтад өндөр онооны тэтгэлэг олгохгүй байна. Уг нь гэрээн дээрээ шаардлага хангаж байгаа нөхцөлд олгоно гэсэн юм билээ?
-Өндөр онооны тэтгэлэг, буцалтгүй тусламжийг бүгдийг нь олгодог. Олгохгүй байх шалтгаан байдаггүй. Ганцхан шалтгаан бий. Монгол улсын төсөв 2019, 2020, 2021 онд ковидоос үүдэн төсөвлөдөг мөнгөний хэмжээ гурав дахин буурсан. Өөрөөр хэлбэл Боловсролын зээлийн сангийн жилийн төсөв нь 71 тэрбум байсныг 22.5 тэрбум болгоод баталчихсан юм. Оюутнууд маш олон шалтгаан ярина. Тэр бол оюутнуудын зөв. Гэвч мөнгө гэдэг зүйл хязгаартай. Энэ хязгаарлагдмал хүрээний түвшинд бид зарцуулалтаа хийх эрхтэй.
-Боловсролын зээлийн санг үйлчилгээний байгууллага гэлээ. Оюутнуудад тулгараад байдаг асуудлыг хэрхэн зохицуулж, өөрөөр хэлбэл харьцаж эргэлзээтэй байдлыг тайлж өгдөг вэ? Ил тод байдлын тухайд?
-Бид оюутантай харьцах боломж байхгүй. Яагаад гэвэл бид сургуультай харьцах ёстой.
-Зээлийн сангийн даргын хувьд боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг яаж дүгнэдэг вэ?
-100 хувь сэтгэл хангалуун байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос боловсролын зээлийн сангийн бүх ажил 95 болон түүнээс дээш гэж үнэлсэн.