Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Оюу толгойн хэлэлцээрийн явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр “Туркиз Хилл Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд нэр дээр захидал ирүүлсэн байгаа. Энэ захидлын талаар товч танилцуулья.
Нэгдүгээрт, Оюу толгойн төслийн менежментийн багийн удирдаж байгаагийнхаа хувьд Рио Тинтогийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахлын эдийн засгийн хүнд цаг үед бид Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа ашигт малтмалын татварын орлогоос гадна, суутган тооцох бусад татвараас гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтайгаа байгаагаа уг захидалд илэрхийлсэн байгаа.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюу толгойгоос Эрдэнэс Оюу толгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас наашлуулж хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдэхэд бэлэн байгаа энэ талаар цаашид хоёр талаас байгуулагдсан ажлын хэсгүүд хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл бид 34 хувь ногдох өрийг айлын талаас бичилт хийж одоогийн байдлаар нийлмэл хүү, нийлбэр дүнгээрээ 2.3 орчим тэрбум ам.долларын өр бичигдсэн. Үүнийг бид бууруулах энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа Рио Тинтогийн талаас албан ёсоор илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хавсралтад дурдсанчлан цаашид Эрдэнэс Оюу толгойтой холбоотой ногдол хувьтай асуудлаа хэрхэхээ ч бидэнтэй давхар ярьж болно шүү гэдэг утгыг илэрхийлсэн. Нэг талдаа 34 хувийн 2.3 тэрбум ам.долларын өр бичигдсэн энэ асуудлыг бууруулж хэлэлцээр хийхэд бэлэн байна.
Хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бид бэлэн байна. Бидний хоёр талаас хийж байгаа энэ төсөл цаашаа амжилттай үргэлжлэх ёстой. Иймд дээр дурдсан асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэлийг түр хойш тавиач ээ, маргааны асуудлаа түр царцаавал ямар вэ гэдэг саналыг тавьсан.
Нөгөө талаар бид бүтээн байгуулалтаа цааш үргэлжлүүлж дуусгахын тулд нөөцийн тодотгосон тайлангаа уул уурхайн мэргэжлийн зөвлөлөө батлуулмаар байна. ТЭЗҮ-гээгээ эргэж хянуулмаар байна гэдэг саналуудыг илэрхийлсэн.
Засгийн газрын байгуулагдсан ажлын хэсэг уг асуудлын хүрээнд энэ долоо хоногт хуралдана. Сая Засгийн газрын хуралдаанд танилцуулсанчлан том ажлын хэсэгт танилцуулаад хэлэлцээр хийхээр гаднаас Б.Болд захирал тэргүүтэй төлөөлөл ирсэн байгаа. Энэ хүмүүстэй ойрын үед уулзах товоо зарлаж хэлэлцээрээ цааш үргэлжлүүлэх ажил явагдана гэж товчхондоо дуулгая" гэлээ.