2021-2022 оны хичээлийн жилд оюутны зээлийг хэрхэн олгох талаар Боловсролын Зээлийн Сангийн Захирал Ж.Ариунболд мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр хэрэгжинэ. Монгол улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломж олгоно.
2021-2022 оны хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээлийг шинээр олгохдоо зөвхөн Монгол улсад шаардлагатай тэргүүлэх 35 чиглэлийн мэргэжлээр суралцагсдад олгоно. Өмнөх хичээлийн жилүүдэд Оюутны Хөгжлийн Зээлд хамрагдаж байсан суралцагсдад мэргэжлийн чиглэл харгалзахгүй зээл олгоно.
Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол байна.
Буцалтгүй тусламжийг:
- Бүтэн өнчин
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
- Нэг өрхийн 3 суралцагч нь дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч
- Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч
- Цаатан өрхийн суралцагчид олгож байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч тэтгэлэгт хамрагдана.
Шалгуур хангасан төгсөгчид 2021-2022 оны хичээлийн жилд 1-р курст суралцах явцдаа нэг жилийн хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, шалгалтад босго оноо давсан эхний 50 орчим суралцагч “Дэлхийн шилдэг их дээд сурууль”-д суралцаж бусад суралцагч “Гадаадын их дээд сургууль”-д элсэн суралцах боломжтой.
Шадар сайд С.Амарсайханы хүүхэд Боловсролын зээлийн сангийн зээлээр их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл 2021 оны гуравдугаар сард гарсан. Энэ нь 2020 оны сонгон шалгаруулалт байсан. Шадар сайдын хүүхэд 27 мянган ам.долларыг 100 хувь төлсөн.