Дархан хаан уул ХХК барилгын ажил эхлүүлэхээр Чингис хаан зочид буудлын урд явган хүний зам хааж түр хашаа босгожээ. Ингэснээр явган иргэд машин замаар зорчиж амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулаад буй юм. Энэхүү явган хүний зам нь нийтийн эзэмшил эсэхийг тодруулахаар, Хот Байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаатай уулзлаа.
Чингис хаан зочид буудлын урд шинээр архитектурын даалгавар авсан. Энэ нь Дархан Хаан Уул ХХК үйлчилгээний орон сууцны зориулалтаар 2021 онд эхлэх зөвшөөрөлтэй гэсэн үг. Ингээд жилийн хугацаатай явж байгаа. Энэ ондоо дуусна. Эдний хувьд эдэлбэр газар нь авто замтайгаа нийлсэн хэмжээтэй. Өөрөөр хэлбэл явган хүний зам эдэлбэр газар нь мөн гэсэн үг. Түүн дээрээ барилгынхаа түр хашааг барьсан байна. Барилгын түр хашааг барихдаа эдэлбэр газрын хэмжээгээр барих ёстой. Магадгүй иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээлттэй болгох үүднээс эдэлбэр газрын хэмжээнээсээ татаад барих боломжийг НМХГ, Хотын стандартын газар тухайн ААН-тэйгээ зөвшилцөөд явах хэрэгтэй.
Харин Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Н. Билэгсайхан, Ийм асуудал дээр сүүлийн 2-3 жил нийслэлийн зүгээс шат дараатай арга хэмжээ авч байгаа. Барилга замын ажлыг гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, батлагдсан стандарт бий. Түүний хүрээнд барилгын үйл ажиллагаа угсралт, шинэчлэлт, өргөтгөлийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд шаардлага хангана. Иргэдийн зорчих хөдөлгөөнд ямар ч саад учруулахгүй байх ёстой. Дээр нь аюулгүй байдлыг хангасан байх журамтай. Барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудад шаардлага хүргэгдсэн. Дээр нь мэдэгдлүүд. Ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар нь хүргүүлж байгаа учраас тодорхой мэдэхгүй. Ямар ч байсан Улаанбаатар хотод барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад манай шаардлага хүрч байгаа.
Явган хүний замыг хааж хашаалсан асуудалд иргэд:
- Явахад их тээртэй байна. Явган хүний зам сайн тавьж хүүхдүүдийн ирээдүйг бодсон шийдвэртэй зүйл хийгээсэй.
- Жаахан ч байсан хамаагүй хүнд явах зам тавиад өгчих хэрэгтэй. Аль аль талдаа хэцүү л байна. Машин замаар явахаар машин сигналдаад. Хаагуур ч явах билээ.
- Бид юугаа мэдэх вэ? Мөнгөтэй хүмүүс л авч байдаг. Машинууд ч гарч чадахгүй байна. Хурдтай машин ирнэ. Энэ зам байхгүй бол хүн амины хэрэг гарна шүү дээ. Түүнээс энэ авто замыг бүр хаачихсан нь шулуухан.
- Энэ хашааг л болиулмаар байгаа юм.
Бид энэ асуудал дээр тайлбар авахаар Дархан хаан уул ХХК-тай холбогдох гэсэн боловч хайлтын системд ямар ч илэрц гарч ирсэнгүй. Улмаар Чингис зочид буудлын ажилтнаас тодруулахад манайхтай хамааралгүй гэсэн юм. Тиймээс 1900-1950 лавлах утаснаас тухайн компанийн мэдээллийг тодруулахаар ярихад, “Дархан хаан уул ХХК нэртэй байгууллага бүртгүүлээгүй байна” гэлээ. Мөн тухайн байгууллагыг Улсын бүртгэлээс хайж үзсэн боловч мөн л илэрц байхгүй байна.
Бид энэ асуудлыг дахин сурвалжилж мэдээлэх болно.