“Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд МУГТ Э.Содномпилжээ тэргүүлж, алтан медаль хүртлээ. Улмаар паралимпын асарт Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, улсынхаа далбааг мандууллаа.
Э.Содномпилжээ нь “Рио-2016 паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин өнөөдөр хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг амжилттай өргөж, медалийнхаа өнгийг өөрчлөн паралимпын аварга боллоо.
Ингэхдээ тэрээр паралимпын рекордын дахин шинэчилсэн юм.
Бид энэ удаад Э.Содномпилжээгийн тухай сонирхолтой 13 баримтыг хүргэе.
1.Э.Содномпилжээ Эрдэнэт хотод 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. Харин төрсний гэрчилгээгээ Орхон аймгийн Баян-Өндөр сумаас авсан байна. Тэрбээр 3 насандаа Улаанбаатар хотод ээжтэйгээ хамт шилжин ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн IX дунд сургуулийг төгсчээ. Эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг.
2. Э.Содномпилжээгийн ээж Н.Амаржаргалд, эмч нарын хэлсэн "зургаан сарын настай" гэсэн үг “тэнгэр ниргэх” мэт болсон ч ганц хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан байна. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сургуульдаа явж чадахгүй болсон хүүгээ их спортоор хичээллүүлж, сэтгэлийн хат суулгасан нь түүний ээжийн ач гавьяа их.
3.Э.Содномпилжээ 1999 онд 14 настай байхад нь нэгэн хар өдөр тохиож хөлөө гэмтээсэн байна. Уг гэмтлээ зөв оношлуулж чадахгүй байсаар өвчин даамжирч "ясны хорт хавдартай" хэмээх онош сонсон хөлөө тайруулахад хүрсэн юм.Гэхдээ өвчин зовлон, саад бэрхшээл түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Суга таягтай зүтгэсээр Ерөнхий боловсролын сургуулиа төгсжээ.
4. Тэрбээр амьдралын эрхээр “Ард” санхүүгийн нэгдэлд нягтлан бодогч, "Монгол шуудан" компанид биеийн тамирын багшаар ажиллахын зэрэгцээ бэлтгэлээ хийн амжилтын оргил өөд тэмүүлсээр Монгол Улсаас төрсөн паралимпийн наадмын медальтан гурван тамирчны нэг нь болж чадсан юм.
5. 2000 оноос хойш Ш.Энхсайхан дасгалжуулагчийн удирдлага дор пауэрлифтингээр хичээллэж буй.
6. 2001 оны Бүх ард түмний спартикиадын 48 кг-д аваргалсан нь хамгийн анхны амжилт нь. Өдгөө тэрээр ДАШТ-д VII байр, Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай.
7. Амьдралын эрхээр дасгалжуулагч нь харь орныг зорьсноос болж тэрээр спортоос түр хөндийрөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдэг. Гэхдээ зүгээр суусангүй. Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 2003 онд элсэж, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшжээ.
8. 2009 онд спортодоо эргэн ирж, Ш.Энхсайхан дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ базааж эхлэв. Зөвхөн пара гэлтгүй пауэрлифтингийн УАШТ-д ч бас өрсөлдөж, 2010 онд хэвтээ шахалтаар 60 кг-д алт, 2011 онд 66 кг-д хүрэл медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ. Тийнхүү дотооддоо эрүүл, олон улсад пара тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж эхэлсэн нь тэр.
9.Түүний өнөөгийн амжилтад хүрэхэд нь хамгийн их урам өгсөн тэмцээний нэг бол 2013 оны Азийн АШТ. Эрвийх дэрвийхээрээ тэмцээний зардлаа олж, ганцаархнаа Азийн АШТ-д оролцохоор очсон Э.Содномпилжээг “Дасгалжуулагч, менежергүй” гээд тэмцээнээс хасчихаж. Учраа байдлаа хэлээд, гуйтал 100 еврогоор торгоод оролцуулжээ. Улмаар тус тэмцээнд V байрт шалгарсан нь түүнд их урам өгсөн нь дамжиггүй.
10. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпод оролцох болзол хангасан нь энэ. Олимпийн эрх авлаа сэтгэл амарсангүй. Пара пауэрлифтингийн тэмцээний дүрэм ёсоор 2014 онд тивийн аварга эсвэл Азийн наадам, 2015, 2016 он дараалан хоёроос доошгүй тэмцээнд оролцох ёстой. Рио зорих тийзээ захиалсан залуу дөрөвхөн сарын дараа Инчёны Азийн наадмаас хүрэл медаль хүртэв.
11. Э.Содномпилжээ паралимпоос медаль авсан Монголын гурав, пауэрлифтингийн анхны тамирчин. Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав “Бээжин-2008”-д аваргалсан бол “Рио-2016”-гаас Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн.
12. Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.
13. Токио-2020 паралимпын наадамд буюу өнөөдөр Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ.
Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо.