ОУОХ-ны ерөнхийлөгч асан Жак Роге 79 насандаа таалал төгслөө. Энэ тухай мэдээллийг тус хорооны зүгээс ням гарагт баталгаажуулжээ.
“Түүний хувьд 2001-2013 он хүртэл ОУОХ-г ахалж байхдаа нийтдээ гурван зуны наадам мөн өвлийн наадмыг тус тус гардан удирдсан билээ. Түүний спортыг чин зүрхнээсээ хайрладаг зан чанар, тамирчдын төлөө хийсэн зүйлсээс хүн болгон үлгэр дуурайлал авах хэрэгтэй. Түүний дэлхийн олимпизмын хөгжилд оруулсан хувь нэмрийг юутай ч зүйрлэшгүй” гэж одоогийн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлжээ.
Роге нь төрөлх Белги улсын Регбигийн лигт тоглохын сацуу дарвуулт завь төрлөөр олимпын наадамд оролцож байсан нэгэн юм. ОУОХ-нд орохоос өмнө тэрээр Белгийн Олимпын хорооны ерөнхийлөгчөөр 1989 –1992 он хүртэл ажиллаж байжээ.
Түүнийг шинэ үеийн олимпын наадмыг модернист болгон хөгжүүлсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно гэж ОУОХ-ны захидалд дурджээ.
Эх сурвалж: CNN