“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ боллоо.
Өнөөдөр “Рио-2016” паралимпын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ гурав дахь өргөлтөө хийлээ. Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөсөн бол хоёр дахь оролдлогоороо 245 кг жинг мөн л амжилттай өргөсөн юм.
Гурав дахь өргөлтөөр 248 кг жинг өргөсөн ч тооцоогүй. Гэсэн ч хоёрдугаарт шалгарсан тамирчнаас 8 кг илүү өргөж пауэрлифтингийн төрөлд тэргүүллээ.
Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо.
Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан юм.
Ийнхүү Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 107 кг-ийн дүн:
- Э.Содномпилжээ (Монгол) 245 кг
- Жон Ие Хи (Малайз) 237 кг
- Рази Саман (Иран) 231 кг
Эх сурвалж: МҮОХ