Токио-2020 паралимпын наадамд оролцож буй манай тамирчид энэ сарын 27-нд тэмцээнээ эхлүүлсэн.
27-нд жүдо бөхийн төрөлд зодоглосон А.Мөнхбат, С.Ядамдорж нар долооодугаар байр эзэлсэн. Түүнчлэн 27-нд байт харваачид тэмцээнээ эхлүүлэн эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгэ 461 оноогоор 23-т бичигдэв. Тэрбээр есдүгээр сарын 2-нд шөвгийн 16-д үлдэхийн төлөө Польшийн М.Олзевскатай халз харвана.
Өчигдөр паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэлсэн.
Өнөөдөр манай найдваруудын нэг Э.Содномпилжээ паралимпын наадамд бяр чадлаа сорих болно.
Монголын тамирчдын тэмцээний хуваарийг хүргэе.
НАЙМДУГААР САРЫН 30
10:00:Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн -107 кг жинд Э.Содномпилжээ хүч үзнэ.
Тэрээр 2016 оны Риогийн паралимпаас хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас алт, 2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн юм.
НАЙМДУГААР САРЫН 31
11:00: Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.
Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд тав, 2018 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж байв.
ЕСДҮГЭЭР САРЫН 1
08:35: Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.
Тэрээр 2018 оны Азийн пара наадам, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
10:00: Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн T53 уралдаанд П.Энхманлай өрсөлдөнө.
Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байсан.
ЕСДҮГЭЭР САРЫН 2
07:45: Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.
09:00: Таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг жинд Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө.
Тэрээр 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.
09:15: Таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд Х.Энхтуяа өрсөлдөнө.
Тэрээр 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.
ЕСДҮГЭЭР САРЫН 4
08:30: Буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.
08:41: Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.
10:00: Байт харвааны холимог багийн тэмцээн эхэлж Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар цэц сорино.