Европын холбоо Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа 236 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр болсныг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдээд байсан билээ. Тэрбээр “Их долоогийн удирдагчдын уриалгаар Европын холбоо Афганчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 50 гаруй саяас 230 гаруй сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм.
Тэгвэл энэ ажлыг ахлах мэргэжилтнүүд Кабулд газардлаа. Тэд тусламжийг ямар байгууллагаар дамжуулан хэрхэн олгох, яаж хяналт тавих тухай ярилцахаар иржээ. Мөн Дэлхийн банк Афганистан дахь төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоосон тухай, шаардлагатай байгаа төслүүдийг үргэлжлүүлэх гээд олон асуудал шийдэх юм байна. Дэлхийн банк нь 2002 оноос хойш Афганистан дахь төслүүдэд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Үүнээс хэдэн өдрийн өмнө Олон Улсын валютын сан тус улс дахь санхүүжилтээ зогсоогоод байгаа билээ.