Манай улс дархлаа сэдээх тунг иргэдэд хийж эхлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад коронавируст халдварын тархалт зургаадугаар сард оргил үедээ хүрч 18-наас хойш тогтвортой буурсан.
Гэсэн ч есдүгээр сарын дунд үед дельта хувилбарын давлагаа улам нэмэгдэж, оргил үедээ хүрнэ гэсэн тооцоолол гарсан.
Өнөөдрийн байдлаар дельта хувилбарт коронавирусийн тархалт 45-50 хувьтай байна. Мөн одоогоор хүн амын 64 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Хугацаа өнгөрөх тусам эсрэг биетийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын байгууллагын ажилчид, хүндэтгэх шалтгаантай буюу архаг суурь өвчтэй иргэд, хариу арга хэмжээний багийнхан нийт 50 мянган хүнийг коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ.
Тиймээс синофармын вакцины хоёр тунг хийлгэсэн иргэд гурав дахь тунд хамрагдахыг хүсвэл синофармын Verocell эсвэл Pfizer вакциныг өөрийн сонголтоор сайн дураар хийлгэх боломжтой.
Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Эхний ээлжинд 5 сая 730 мянган вакцин татан авсан. Долоо хоног бүр вакцин авч байна. Тиймээс тухайн долоо хоногт хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. PCR шинжилгээний тухайд, хэрэв багш, үүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л PCR шинжилгээ авна. Та бүхн дельта хувилбарыг илрүүлж чадаж байгаа эсэхийг олон удаа асуудлаа. Бид эхний ээлжинд сорьцоо гадагш нь явуулдаг байсан бол өнөөдөр PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн" гэлээ.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр: Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн мэдээгээр 100 мянган хүнд 300 тохиолдол илэрч буй орнуудад Монгол багтсан. Энэ нь халдвар өндөр хурдтай тарж байна гэсэн үг. Нас баралт манай улсад 0.5 хувь буюу бага улсад тооцогдоно. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Манай бүс нутагт БНАСАУ-аас бусад бүх улсад тархлаа. БНСУ, Вьетнамд өвчлөл эрс нэмэгдлээ. Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Пфайзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан гэв.