Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 113,490 тун Файзер/БиоНТех BNT162 вакциныг наймдугаар сарын 25-ны өдөр хүлээн авлаа.
Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар улиралд нийт 255,060 тун вакцин хүлээн авсан бөгөөд 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 790,920 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авах болно.
Файзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.
Эх сурвалж: ЭМЯ