Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, мөн Төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуульд парламентад суудалгүй намууд, нам доторх бүлгүүдтэй нэгдэж орохыг уриалсан. Парламентад суудалгүй намууд уулзаж ярилцсан.
Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай нэр дэвшигчдийн албан хүсэлтийг маргаашаас хүлээж авна" гэлээ.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь жирийн гишүүд, дэмжигчдэд маш их гомдол ирж байна. Тус хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар заасан.
Учир нь орон нутагт чадалтай мэргэжлийн боловсон хүчин алга. Гэтэл энэ хоосон цаас болж байна. МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, зарим газар 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна.
Төрийн албаны зөвлөл төрийн албыг хянадаг байгууллага.
УИХ-ын дарга саяхан төрийн алба ард түмний зарц байх ёстой гэх мэдээлэл хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн алба Ардын намын зарц болоод байна. Төрийн албаны ёс зүйн дүрэм мөрдүүлэхэд анхаараач ээ. Хуулийн шалгуур хангахгүй учраас түр орлон гүйцэтгэгч томилдог. Тэр хүмүүс нь удалгүй ажлаа хаяад явж байна. Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага амьгүй албат болсон. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана." гэлээ.