БШУЯ-наас энэ жилийн ЭЕШ, их дээд сургуулийн элсэлт болон төлбөрийн талаарх мэдээллийг хүргэлээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан,
“Энэ жилийн хувьд ЭЕШ-д 40 420 хүн бүртгүүлснээс 31 782 бүртгүүлэгч шалгуулсан. ЭЕШ-ийн үеэр шалгалтын материал задарсан, хэмжээст оноо буруу бодогдсон зэрэг асуудлууд яригдсан ч тийм зүйл болоогүй. Өөрөөр хэлбэл шалгалтын нэг ч тест задраагүй. Хэмжээст оноог нь буруу гэх гомдолтой шалгуулагчид битүүмжилсэн байгаа шалгалтын материалаа шалгаж болно.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ЭЕШ-ыг сайжруулах хэд хэдэн арга зам олж харлаа. Энэ нь нэгдүгээрт шалгалтыг жилд хоёр удаа авч байх. Хоёрдугаарт хичээлийн сонголтонд анхаарч түвшин тогтоох хэрэгтэй. Жишээ нь Математикийн шалгалтыг нэг, хоёр, гуравдугаар түвшинд ангилна. Өнөөдөр 31782 шалгуулагч ЭЕШ-ийн батламжийн хуудсаа авна. Мөн ковидоос үүдэн шалгалтаа өгч амжаагүй 172 бүртгүүлэгч байна. Тэд 9 дүгээр сарын 2-нд ЭЕШ-аа өгнө.
Мөн энэ жилийн хувьд 88 их дээд сургуульд 147 мянган оюутан элсэж байгаа. Хөдөө орон нутгаас 76 мянган оюутан ирнэ. Босго оноо, ур чадварын оноог энэ жил бий болгосоноороо онцлогтой байна. Тулгараад байдаг асуудал нь төрийн өмчит сургуулийн босго оноог хувийн сургуулиуд бууруулдаг. Босго оноог хувийн их дээд сургууль буулгахыг хатуу хориглоно. Буулгавал тухайн сургуулийн удирдлагуудадхариуцлага тооцно.
Түүнчлэн төрийн өмчит их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй. Зөвхөн СУИС-ийн кредитийн төлбөр 20 мянгаар нэмэгдэнэ.Төлбөрийг хэсэгчилж авах зохицуулалтаар ажиллана. Хичээл сонголт барьцаалж төлбөрийг бүтнээр нь нэхэхгүй байх чиглэл өгсөн. Хэрэв ийм асуудал гарвал мөн л хатуу арга хэмжээ тооцно.
Харин Боловсролын зээлийн сангийн тухайд, Нийт оюутны 11 хувь нь зээлээр суралцдаг. Боловсролын зээлээс дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд буцалтгүй зээл 18 мянган оюутныг хамардаг. Одоо зээл авах 6146 оюутан байгаа ба өмнөх журмын дагуу хэвийн олгоно. Өмнөх 1500 гаруй оюутны тэтгэлэг ч хэвийн олгогдоно. Шилдэг 100 их дээд сургуульд сурдаг маш цөөхөн оюутанд зээлийн 50 хувь буюу 24 тэрбум төгрөгийг олгодог. Энэхүү шударга бус үйлдлийг таслан зогсооно. Хэн нэгэн даргын, эрх мэдэлтний хүүхэд зээлийн сангаас төлбөрөө авдаг гэх хардлага бий. Сангийн мэдээлэл нээлттэй болсон байгаа. Тиймээс одоо байгаа 10 хувийн оюутны тоог 30 хувь болгож хүртээмжтэй, шударга байх нөхцөлийг бүрдүүлнэ.