Монгол Улсад аялал жуулчлалын хөгжүүлэх тэр дундаа түүхэн давуу талаа ашиглахаар Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө" цогцолбор барьж буй. Сүүлийн үед олны шүүмжлэл дагуулсан энэ бүтээн байгуулалтыг буулгах тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан нь ийнхүү биеллээ олж хэдийнээ буулгаад эхлэв.
2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм.
Уг цогцолборын санхүүгийн асуудал ихээхэн анхаарал татдаг. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсвөөс гаргаж чадсан.
Шавийг тавьж байхад, бүтээн байгуулалтад нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж яригдаж байгаад улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг амжилттай суулгасан. Андлалын өргөө цогцолборыг сүндэрлүүлэх эхний ээлжийн бүтээн байгуулалтын хөшөөний хоёр тэрбум төгрөг ямартай ч улсын төсвөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гараад дууссан. Хөшөө босоход зарцуулсан улсын төсвийн хоёр тэрбум төгрөг салхинд хийсэв бололтой. Үргүй зардал үүгээр ч зогсохгүй хөшөөг буулгахад ч хөрөнгө мөнгө зарцуулж байгаа гэдгийг мартаж болохгүй.
Андлалын хөшөөг буулгаж байгаа шалтгаан нь энэхүү барилгатай холбоотой оюуны өмчийн маргаан гарах болсон гэх яриа хэдийнээ цахим орчинд цацагдсан. Тодруулбал, уг баримлын зохиомжийг уран бүтээлч Д.Эрдэмбилэг агсан гаргасан бөгөөд оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг нь болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон учраас ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргасан аж.
2020 оны наймдугаар сарын 11-нд манай сайтын сэтгүүлч уг цогцолбор дээрээс сурвалжилга бэлтгэн хүргэж байсан. Тухайн үед Андлалын хөшөө зураг төслөөсөө гажсан зүйл байхгүй хэмээн ярьж байсан юм. Орон сууцны хоёр давхрыг барих хэмжээний энэ өртгөөр нарийн хийцлэлтэй хөшөө бүтэж байгаа талаар тухайн үед барилгын талбай хариуцсан инженер нь онцолж байсан. Гэвч 1000 метр кв талбайд хийгдэх байсан бүтээн байгуулалт ийнхүү хөшөөнөөс цааш өрнөөгүйгээр барахгүй өнөөх ганц ёлтойж байсан хөшөөгөө ч ийнхүү буулгаж эхэллээ.
Урьдчилсан тооцооллоор "Андлалын өргөө"-нд захирал, нарийн бичиг, хөтөч, үйлчилгээний ажилтан, манаач гээд 9-10 хүн ажиллаж, дэргэд нь 100-150 хүний хүчин чадалтай зочид буудал барихаар төлөвлөсөн талаар тухайн үеийн орон нутгийн удирдлага хэлж байсан юм. Гол бүтээн байгуулалт болсон хөшөөг нь ийнхүү нурааснаар дээрх ажлын байрууд цаасан дээр нэг хэсэгтээ л үлдэх нь.
Манайд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын зураг төсөл цаасан дээр гоё сайхан л үлддэг жишиг бараг тогтох нь ээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, таны санаачилж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хөрөнгийг нь гарган бариулсан хоёр тэрбум төгрөгийн “Андлалын өргөө”-г нураагаад эхэллээ. Хэнд хариуцлага тооцох ёстой вэ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр тоохгүй өнгөрч болно гэж үү Ерөнхий сайд аа.