Италийн усан спортын тамирчин Франческо Боккиардо Токиогийн паралимпын эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүллээ.
Хөлийн хөдөлгөөнд нөлөөлдөг "Spastic distal tetraplegia" гэх хөгжлийн бэрхшээлтэй Франческо 2016 оны Риогийн паралимпын 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлж байсан юм.
Спортыг өөрийнхөө эмчилгээ гэж үздэг түүнийг гурван настай байхад усан спортоор хичээллэхийг эмч эцэг эхэд нь зөвлөсөн байна.
Франческо сэлэхийг хүсэхгүй байсан ч эцэг эх нь дөрвөн настайд нь ус руу шидсэн тухайгаа ярьжээ. Ус бол түүний хувьд хамгийн зөв орчин байсан аж.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай, 27 настай Франческо энэ амжилтад хүрэхийн тулд хүсэл зорилгоос гадна тууштай байдал нь нөлөөлсөн гэсэн юм.