Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хувийн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хийх шийдвэр гарсан. ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан ЭМБ-ууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэн тэдгээр эмнэлгүүдэд шаардлага хүргүүлжээ.
Энэ талаар ЭМДЕГ-ыг мэргэжилтэн Ш.Сэлэнгэ,
"Интермед, Грандмед, Сонгдо, Мөнгөн гүүр гэх мэтийн төрөлжсөн хувийн эмнэлгүүдэд даатгалаар хөнгөлөлт эдэлдэггүй байсан бол одоо хөнгөлөгдөх боломжтой болсон. Эдгээр эмнэлгүүд манайхтай гэрээ байгуулсан байгаа. Дээрх нэр бүхий эмнэлгүүдэд ЭМД-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийсэн. Шаардлагатай газруудад албан шаардлага өгсөн байгаа. Албан шаардлагын биелэлт манай дээр тодорхой хугацааны дараа ирэх болно.
Гэрээ байгуулсан эмнэлгийн үүдэнд хаяг байх ёстой. Төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалт, мөн даатгал өвчтөний нийт төлбөрийн хэдэн хувийг гаргах, даатгуулагч өөрөөсөө хэдийг нь төлөх. Эсвэл зарим оношин дээр хамтын төлбөргүй 100 хувь даатгалаас дааж байгаа гэх мэдээллүүдийг ил тод хүмүүст харагдахуйцаар байршуулсан байх ёстой юм. Мөн эмч ажилтнуудаа даатгалын тухай сургалтад хамруулж мэдээллээр хангах үүрэгтэй. Эдгээр үүргийг биелүүлж байгаа эсэхийг газар дээр нь очиж шалгадаг. Биелүүлэхгүй байгаа тохиолдолд бид гэрээний хэрэгжилтийг хагас бүтэн жилээр үнэлдэг. Үнэлгээндээ харгалзан ноцтой асуудал гарвал гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна.
Мөн гэрээний шаардлага биелтэл түр зогсоож болно. Хувийн эмнэлгүүд гэрээнийхээ үүргийн дагуу даатгуулагчдад хөнгөлөлт үзүүлэх л ёстой. Тийм л гол зорилготой гэрээ байгуулсан. Чанартай тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх ёстой. Жишээ нь Сонгдо эмнэлэг MRI хийхгүй гээд байна. MRI аппарат байхгүй байж магадгүй. Хэрвээ тэр аппарат байгаа мөртлөө хийхгүй бол гэрээг зөрчиж байна гэж үзнэ” гэлээ.
Бид өмнө Сонгдо эмнэлгээс тодруулга авахаар очсон боловч Санхүү эрхэлсэн захирал Т.Номин гэх хүн, “Та нарт мэдээлэх алба байхгүй” гэсэн тайлбар хэлсэн билээ. Тиймээс лавлах утаснаас нь MRI-г хийдэг эсэхийг тодруулахад,
“Манайх MRI хийдэг. Эмчийнхээ бичгээр цагаа авч үйлчлүүлнэ. Даатгалаар шинжилгээ хийхгүй байгаа. Манайд өгсөн найман сарын хязгаар нь дуусчихсан. Нэг өдөрт нэг л хүнд даатгалаар үйлчилнэ шүү дээ. Ингэхдээ шаардлагатай материалуудаа бүрдүүлж байж даатгалаараа үйлчилнэ шүү” гэлээ.
Үүнээс харвал ЭМДЕГ, хувийн эмнэлгүүд хоорондоо харилцаа холбоо муу. Даатгалын шинэчлэлээр хийсэн гэх энэхүү шийдвэр иргэдэд хэрэгтэй боловч, хэрэгжилтгүй хий хоосон үр дүнгүй ажил байсаар байна.
ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан хувийн хэвшлийн ЭМБ
- Төмөр замын төв эмнэлэг
- АСЭ эмнэлэг
- Ачтан эмнэлэг
- Гурван гал эмнэлэг
- Гранд мед эмнэлэг
- Номун
- Мөнгөн гүүр
- УБ Сонгдо
- Эм Би Жи
- ЭМЖЖ
- Юнимед Интернейшнл
- Асралт мед
- медипас