Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам өчигдөр Токио хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпийг давж гарсан /Риод 159 улс оролцсон/ талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.
“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.
Токио-2020 паралимпын цомыг Японы пара хүндийн өргөлтийн тамирчин Карин Морисаки, тэргэнцэртэй теннисний тамирчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар асаалаа.
Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх юм.
Ингээд Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулья.
Токио-2020 паралимпын тэмцээн уралдаанууд өнөөдөр эхэлж, есдүгээр сарын 5-ны өдөр хаалтаа хийнэ.
Токио-2020 паралимпын нээлтийн гэрэл зургуудыг хүргэе.