Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу 233 км гол замын 201 км-ыг хийгээд байна.
Төмөр зам ашиглалтад орсноор:
– Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
– Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
– Автотээврийн осол, зөрчил буурна,
– Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
– Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,
– Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ. Төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэйшнл”, туслан гүйцэтгэгчээр 62 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төслийн хүрээнд 200 гаруй аж ахуйн нэгж, нэг ээлжинд 3,000 инженер, техникийн ажилтан, 1,200 хүнд даацын машин ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гол төмөр замын урт 416.2 км, дэлгэмэл урт нь 463 км, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Одоогоор 422 км-ыг нь үндсэндээ угсарч дуусгасан, мөн зургаан зөрлөгийг Улсын комисст хүлээлгэж өгөөд байна. 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байгаа, өнгөрсөн онд доод бүтэц, гүүр, хоолойн ажил хийсэн олон аж ахуйн нэгж мөнгөө аваагүй тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав. Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна. Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байна. Төмөр замтай болсноор 30 орчим томоохон орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм.
“Стратегийн ач холбогдол бүхий дээрх хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээ авч байна. Улстөржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэв.