Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Ерөнхий боловсролын V дугаар сургууль дээр байрлаж буй дархлаажуулалтын цэгт ажиллав.
Тус цэгт өчигдрөөс/2021.05.07/ эхлэн Чингэлтэй дүүргийн 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийж буй юм. Өдөрт 600-800 орчим хүнийг хамруулж байна. Эхний өдөр 65-аас доош насны иргэд бага зэргийн ачаалал үүсгэж, хүндрэл учруулж байсан бол мэдээлэл түгээсний үндсэн дээр өнөөдрөөс хэвийн, чирэгдэлгүй болсон гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны нийт 20.800 хүн бүртгэлтэй бөгөөд 9 дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт Спутник-V вакцинд хамруулж байгаа аж. Спутник-V вакцины 40.000 нэгдүгээр тун орж ирсэн бөгөөд хоёрдугаар тунг 21-90 хоногийн хугацаанд хийх эмнэлзүйн заалттай, нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр амжилттай хийгдэж байгаа, дээрх хугацаанд амжиж татан авна гэсэн хүлээлттэй байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 71.4% нь буюу 1.5 сая хүн нэгдүгээр тун, 30% нь буюу 610 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Нийслэлд 879,998 хүн буюу зорилтот бүлгийн 92.3% нь нэгдүгээр тунд, үүний 49.4% нь хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.
Үүнээс үзвэл 4, 5 дугаар сард зорилтот бүлгийн хүн амаа үе шаттай вакцинжуулалтад хамруулах Засгийн газрын зорилт биелж, төлөвлөснөөс 10 орчим хоногоор түрүүлж байна. Үүнд иргэдийн идэвх, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл чухал үүрэгтэй байна гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин талархал илэрхийлэв.
Мөн орон нутгийн иргэд дархлаажуулалтад идэвхтэй оролцож байгааг Өмнөговь аймгийн иргэд харуулж байсан гэв. ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг өчигдөр/2021.05.07/ бүртгэсэн байна. Үүнээс өмнө дипломат, найрсаг харилцааны хүрээнд БНХАУ-аас вакцины нийлүүлэлтийг амжилттай хийж, иргэдээ “цонх үе”-ийг ашиглан дархлаажуулсан нь томоохон амжилт боллоо гэж Ерөнхий сайд дүгнэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.