tuuh.mn веб сайтад 2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Шуурхай мэдээ: 10 сарын 01-ээс хөл хорио тогтоох шийдвэр гарлаа” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлжээ.
Уг мэдээллийг иргэд цахим орчинд түгээж байгаа тул нягталлаа.
Tuuh.mn сайтад “Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой. “Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна” гэжээ.
Мөн “Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцаана” гэсэн байна.
Factcheck
Улсын онцгой комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт болоогүй бөгөөд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй гэдгийг УОК-оос мэдээллээ. Мөн хөл хорио тогтоож буй шалтгаан нь “Нэг хаалга- нэг шинжилгээ” авах хэмээн мэдээлэлд дурдсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас дахин өрх бүрээс шинжилгээ авах талаар шийд болон санал гараагүй гэдгийг хэллээ.
Мэдээллийн төгсгөлд хотод гацсан иргэдийг сар шинийн баяраас өмнө буцаана гэсэн байгаа бөгөөд энэ мэдээлэл нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон өрх бүрээс шинжилгээнд хамруулж байх үеийн мэдээллийн хугацааг өөрчилж тавьсан худал мэдээлэл байна.
Та мэдээллийг уншихдаа зөвхөн гарчиг бус тухайн линк дээр дарж агуулгыг мөн давхар нягталж байгаарай.
Эх сурвалж: factcheck.mn