Байцааг халуун ногоонд дарж амт оруулан хэрэглэдэг БНСУ-ын гол нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн бол кимчи юм. Харин кимчи сүүлийн жилүүдэд БНХАУ болон БНСУ-ын хоорондох соёлын дайны нэг том сэдэв болон хувирч байна.
БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас зарим нэг түүхийн ёс заншлын нэршилтэй холбоотой асуудлуудыг хуульчилж оруулсан байдаг. Үүнд кимчи орсон байдаг. Харин БНХАУ-д кимчиг XINQI буюу шинчи гэж бичиж дуудах болжээ. Өмнө Хятадад кимчиг pao cai буюу паоцай гэдэг байсан юм. БНХАУ-ын ханз бичигт кимчи гэж дуудагдах авиатай ханз байхгүй юм байна. Энэ үгийг хэрэглэж эхлэхээс өмнө тус улсын соёлын газраас нийт 4000 орчин ийм төрлийн дуудлагатай ханзнуудыг ашиглаж үзжээ. XINQI буюу (辛奇) энэ ханзны утга учир нь XIN буюу халуун ногоо, Qi нь буюу өвөрмөц гэсэн утгыг агуулж байгаа юм байна.
БНСУ-ын соёлын яамны зүгээс БНХАУ-д хандаж тус үгийг хэрэглэхдээ бичиг болон дуудлагыг сайтар ялгаж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Тус улсын зүгээс БНСУ-ын үндэсний хоол болох кимчиг олон улсад БНХАУ-д хамааралтай гэж ойлгогдох вий гэж эмээж байгаа юм. Мөн цаашид БНХАУ-г кимчиг түүх болон соёлын үүднээс тохирсон нэр олж хэрэглэх талаар судалж үзэхийг уриалжээ.
Кимчи болон Паоцай ялгаатай юу?
Энэ маргааныг эцэслэхийн тулд эхлээд кимчи болон паоцайг ялгах хэрэгтэй. Кимчи нь Солонгост ургадаг 100 төрлийн амин дэмтэй ургамлыг нийлүүлэн дарж амталдаг. Дарж амтлахдаа улиралаар ялгаж улаан чинжүү, сармис, болон бусад далайн амтлагчаар амталдаг. Кимчи нь дотроо чонгак болон бэак гэх зэргээр хэд хэд хуваагддаг. Энэ нь халуун ногоо болон амт, дарж байгаа технологиосоо хамаардаг.
Харин паоцайгийн хувьд хятад хэлэнд "дэвтээсэн ургамал" гэж орчуулагддаг бөгөөд мөн л байцаа болон бусад ногоог халуун чинжүү болон зарим амтлагчаар дарж хийдэг. Хоёр улс тухайн хоолыг бэлдэхдээ өөр өөрсдийн онцлог болон технологийг ашигладаг бөгөөд Кимчиг өмнө нь Хангу паоцай буюу Солонгос паоцай гэдэг байжээ.
Эх сурвалж: CNN