“Үндэсний хувцастай өглөөг эхлүүлье” аяны хүрээнд Өглөөний гудамжинд “Үзэмж” брендийн уран бүтээлч хамт олон шинэ загварын Монгол дээлээ танилцуулж, зураг авалтаа хийж байлаа.
Үндэсний гоёл болсон дээлний загварыг өвөрмөц хэв маягаар бүтээж буй “Үзэмж” брендийг үүсгэн байгуулагч С.Энхзаяатай уулзаж шинэ загварынх талаар тодрууллаа. Тэрбээр, “Өнөөдөр долоо хоногийн эхний өдөр эхэлж байна. “Ажлын эхний өдрийг дээлтэй угтъя” уриатайгаар ийм гоё аяныг өрнүүлж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Өглөөний гудамжинд бизнес уулзалтууд ч давхар боллоо. Монголынхоо залуучуудыг цааш нь өсөн дэвжихэд чухал ач холбогдол үзүүлэх эдгээр арга хэмжээг зохион байгуулж байгаа нь сайшаалтай. Залуус эртэч болсон байна. Манай “Үзэмж” брендийн хувьд сонингийн цаасан дээлний шинэ загваруудаа гаргасан байгаа. Энэхүү зураг авалтын маань нүүр царай бол бяцхан дуучин Энжи охин маань. Мөн түүний бүжигчид зураг авалтад оролцож байгаа. Дуучин охины маань хувьд удахгүй шинэ уран бүтээлдээ орох гэж байгааг онцолмоор байна” гэлээ.
Харин дуучин Энжи,
“Үзэгч, уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд Үзэмж брендийн шинэ загвар болох сонингийн цаас шиг материалтай дээлнийхээ зураг авалтыг хийхээр энд ирээд байна. Өглөөний гудамжинд хааяа ирдэг. Өнгөлөг гоё санагддаг учраас их дуртай байдаг. Харин дээлний маань тухайд биед эвтэйхэн загварлаг гээд бүх зүйл нь таалагдаж байна.
Мөн би тун удахгүй шинэ уран бүтээлээ гаргах гэж байгаа. Шинэ жилээс өмнө дуугаа гаргах төлөвлөгөөтэй байгаа. Найзын тухай дуу хийнэ” гэв.
ЭНД дарж Үзэмж брендийн загваруудтай танилцана уу.