Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан “Хорт зуршилгүй залуу” цахим үйлчилгээг нэвтрүүлж байгаа талаар ГБХЗХГ-ын газраас мэдээллээ.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийн тусламжийн 108 утсан дээр ирсэн мэдээллээс харахад хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас үүдсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэгчдийн 50-60 хувь нь архинаас болоод тухайн гэмт хэргийн үйлдэгч болсон. Мөн өсвөр насны хүүхдүүд тамхи татах, архаг архичин, тамхичин болох асуудлууд бидний санаа зовоосон хэвээр байна. Тиймээс залуучуудын дунд тулгамдсан архи, тамхины асуудлыг хөндөж ярихаар төлөвлөсөн. Үүний хүрээнд бид бүхэн залуучуудад чиглэсэн “Хорт зуршилгүй залуу” цахим үйлчилгээг бий болгож байгаа. Наркологийн эмнэлэгтэй хамтраад 24 цагаар зөвлөгөө өгч ажиллах бөгөөд
- 24 цагаар зөвлөгөө өгөх
- Шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийж, ярилцах
- Архаг архичин, тамхичин бол үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх гэсэн гурван төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
Монголын залуучууд Улаанбаатарт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс энэ мэдээллийг авах боломжийг олгох үүднээс цахим хэлбэрээр нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Мөн 18001893 дугаараар мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой" гэлээ.
НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс "ГБХЗХГ-тай хамтраад НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг энэ ажлын хүрээнд юун түрүүнд 100 залууг хор зуршилгүй болгож, архи тамхинаас гаргах зорилго дэвшүүлээд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 30-аад хувь нь эмчилгээнд хамрагдаад богино хугацааны эдгэрлийн байдалтай байна.
108 дугаараар архи, тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, дэлгэцийн хамааралтай хүмүүст эмчилгээ шаардлагатай бол 1800-1893 дугаарт шилжүүлээд утсаар, цахимаар шаардлагатай анхан шатны зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжүүдийг өгч байна.
Манай эмнэлэгт жилдээ 2000-2200 хүн хэвтэн эмчлүүлдгээс 40-45 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэдний 95-96 хувь нь архины хамааралтай, архи хэтрүүлэн хэрэглэдэг, архинаас шалтгаалсан бие махбодийн өвчинтэй. Эдгээр залуучууд 100 хувь бүгд тамхи татдаг. Бид эдгээр хүмүүстэй тамхинаас татгалзах хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байна. Нэг хамаарлаас татгалзсан хүн дараагийн хамааралд өртөх гээд байдаг. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа 35 хүртэлх насны залуустай хоёр бүлгийн сургалт, эмчилгээ хэрэгжүүлээд явж байна" гэв