Зураач О.Золбоотөгөлдөр, зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам нарын “Сүнс урлал” хамтарсан үзэсгэлэн “Mongol Art Gallery”-д энэ сарын 15-нд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.
Уран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнг уран зураг, яруу найраг сонирхогч бүхэн шимтэн сонирхох боломжтой. Бид зураач О.Золбоотөгөлдөртэй шинэхэн үзэсгэлэнгийнх нь тухай ярилцлаа.
-Үзэсгэлэнгээ гаргаж байгаад нь баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг О. Золбоотөгөлдөр гэдэг. Би зураач мэргэжилтэй. Ээж маань зураач. Тиймээс би багаасаа зураг зурдаг байсан. 2010 онд Дүрслэх Урлагийн дээд сургуулийг төгссөн. Польш улсад хоёр жил суралцсан. Тэр сургуулиа дуусгаагүй. Монголд ирээд бие даасан уран бүтээлчээр ажиллаж байна.
–Зураг зурахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Багадаа бол сараачих маягтай зурдаг байсан. Тэр сараачихын цаана өөрийгөө чөлөөлөх, өөрийгөө илэрхийлэх гэх мэт зүйлс байдаг. Одоо миний хувьд зураг зурах нь ажил, мэргэжил болсон. Өөрийн мэдэрсэн мэдрэмж, өөрийн үзэл бодол, ертөнцийг харах үзэл, өөрөө бясалгаад мэдэрсэн зүйл ч юм уу, тэр зүйлийг үнэн зүрхнээсээ зурагтаа буулгахыг хичээдэг.
–Зураач, яруу найрагч хүмүүсийн мэдрэмж их өөр байдаг. Та ямар үедээ зураг зурах дуртай вэ. Аз жаргалтай эсвэл гунигтай?
-Жишээлбэл, яруу найрагчдын хувьд бороо орж байхыг хараад онгод нь ордог гэдэг. Миний хувьд тийм биш. Би бол сууж хийж байж ухамсрын урсгалдаа ордог. Уйгагүй суудаг. Өглөө 06:00-07:00 цагт босоод урландаа ороод заавал гараа хөглөөд суудаг. Уран бүтээлчид ухамсрын, зөн совингийн урсгалд ордог. Тэр нь хийж байгаа зүйлдээ төвлөрөөд, түүнийгээ мэдрэх нь зураг зурж байгаагийн хамгийн сайхан нь. Гадаа орчин ямар байна, бороо орж байна уу, цас орж байна уу хамаагүй. Зөвхөн өөрийнхөө дотогшоо нэг алхах.
–“Сүнс урлал” үзэсгэлэнгээ гаргая гэж хэзээ шийдсэн бэ. Яагаад “Сүнс урлал” гэж нэрлэв?
-Би өнгөрсөн жилийн 10 сард Э.Бүжинлхам зохиолчийн “Сүнс урлал” яруу найргийн номыг бэлгэнд авсан. Тухайн үедээ сэтгэлзүйн хувьд жаахан адармаатай, сэтгэл гундуу явж байгаад тэр номыг уншаад “Надтай адилхан боддог, адилхан сэтгэдэг хүн байна” гэж бодсон. Би яг ингэж мэдэрдэг. Гэхдээ би үүнийг ингэж бичиж илэрхийлж чадахгүй. Гэхдээ би яг ингэж боддог. Ингэж бодсоноо зурагтаа шингээдэг. Аравдугаар сард “Бэхэн сар” гэж болдог. Тэнд шүлгүүдээр нь таталбар хийсэн. Манай Э. Бүжинлхам зохиолч Вашингтонд утга зохиолоор сурдаг. Тэндээс нөхөр нь холбогдож онлайнаар харилцдаг болсон. Энэ үед Монгол Арт Галлерейгаас үзэсгэлэн гаргах урилга ирсэн. Сүнс урлал яруу найргийн номоос эшлэл аваад сар ажиллачихсан байсан болохоор үүнийгээ үзэсгэлэн болгоё гээд ажилласан.
–Зураг зурах санаа, сэдлээ хаанаас олдог вэ?
-Өөрийн сэтгэн бодох бодлоо сул чөлөөтэй хаядаг. Чиний оюун ухаан дотор боломжгүй зүйл гэж байхгүй. Бодит амьдрал дээр боломжгүй зүйлс байдаг шүү дээ. Боломжгүй зүйлийг өөрөө бодож бий болгох эрх чөлөөг өөртөө бий болгодог. Сүнс урлал номонд илүү гоё бичсэн байдаг. Зурагтаа бясалгал, мэдрэмжүүдийг агуулж өгдөг.
–Нэг зургийг зурахад ямар хугацаа зарцуулдаг вэ?
-Яг голыг нь олчихсон байхад зураг том, жижиг гэлтгүй эвээ олоод л дуусдаг. Хэрвээ тэр дотоод ухамсар луугаа гишгэж чадахгүй байх юм бол хоёр жил ч зурсан зураг байна. Би нэг зургийг хамгийн удаан зурсан нь хоёр жилийн хугацаанд зурсан.
–Зураг зурахад тухайн үеийн сэтгэл хөдлөл хэрхэн нөлөөлөх үү?
-Тухайн үеийн сэтгэл хөдлөл гэхээсээ илүү ерөнхий сэтгэлзүйн байдал томоор нөлөөлдөг. Нэг өдрийн гуниг бол нэг өдрийнх л байдаг. Харин амьдралын гуниг бол зурагт нөлөөлдөг. Бас ахуй их нөлөөлдөг. Би хүүхэдтэй болсныхоо дараа илүү хүүхдэд зориулсан зураг зурсан байдаг.
Яруу найрагчдын хувьд тухайн мөчийн сэтгэлзүй их нөлөөлдөг юм шиг санагддаг. Миний хувьд маш удаан, нухацтай сууж бүтээл гаргадаг тул мөчийн сэтгэлзүй нөлөөлдөггүй.
–Зураг зурснаар таны амьдралыг үзэх үзэлд нөлөөлсөн зүйл юу вэ?
-Нэг анзаарагддаг зүйл бий. Дөнгөж сургууль төгссөн зураач зурж чаддаг гэдгээ батлах гээд байдаг. Би 10-аад жил дагнаад явж байхад ойлгосон зүйл бол зурж чаддаг гэж хэн нэгэнд батлах гээд хэрэггүй. Үнэн зүрхнээсээ асуудалд хандах, үнэн сэтгэлээсээ бүтээлдээ хандах. Бидэнд хэн нэгнээс эсвэл өөрөөсөө юм нуух эрх байхгүй. Өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөр. Дутагдалтай бол дутагдалтай. Түүнийгээ илэрхийлж чаддаг байх. Давуу талтай бол түүнийгээ хүлээн зөвшөөрдөг байх. Ихэнх алхмаа өөрийн сэтгэлийн гүн рүү алхах хэрэгтэй.
–Таны зураг зурах процесс хэрхэн явагддаг вэ?
-Янз бүр байдаг. Миний хувьд олон зураг дээр зэрэг ажиллаад явчихдаг. Хүн зурагтаа гацна гэж нэг зүйл байдаг. Учраа олохоо больчихдог. Зураг дууссан хойно ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр puzzle зөв эвлүүлэхээр нэг гоё харагддаг шүү дээ. Тэр яг зураач хүнд өөрт нь харагддаг. Бүдүүлгээр ярихад эвлүүлдэг тоглоом эвлүүлж байгаа юм шиг л болно. Түүн дээрээ учраа олохгүй гацчихвал зурж байсан зургаа зүгээр цааш нь харуулаад тавьчихдаг. Хэсэг хугацаанд орхиод шал өөр юм хийдэг. Хэд хоногийн дараа санаад, дахиад эхлэхэд мэдрэмж нь өөр болно. Энэ бол миний нэг арга. Дахиад нэг бий. Долоо хоног маш өндөр сэтгэгдэлтэй явлаа гэж бодъё. Тэр долоо хоногийг яаж авч үлдэх вэ гэхээр, нэг зургийг зөвхөн тэр долоо хоногтоо зориулдаг. Ийм хоёр арга байдаг. Нэг нь тасалж орж ирдэг бол нөгөөх нь тэр сэтгэл хөдлөлөөрөө дуусгадаг.
Би Монгол зургийн анги төгссөн болохоор маш нарийн зуралтын техниктэй. Бүх зураг дээр нарийн деталчилж зурдаггүй. Яг тодорхой нарийн зуръя гэсэн хэсэгтээ зурдаг. Миний нэг хадгалж явдаг техник бол хаях зүйлийг бүр огт зурахгүй хаях. Нарийн зурах зүйлээ маш сайн зурах гээд эрс тэс техник ашигладаг.
Өнгөний хувьд цэвэр өнгөөр явдаг. Академик сургалтын аргад цэвэр өнгө бол будаг гэж хэлэх тохиолдол байдаг. Заавал хольж байж өнгө гаргах ёстой гэдэг ч юм уу. Миний хувьд зориуд үүнийг сөрдөг. Цэвэр тод өнгийг хиймэл юм шиг өнгө гэж ярьдаг. Яагаад гэвэл миний гаргах гэсэн санаа, мэдрэмжийг энэ л өнгөнүүд гаргаж байгаа. Тусгай арга техник гэхээсээ илүү зүгээр л зурдаг.
–Зураач хүмүүсийн нийтлэг шинж чанар юу юм бол оо?
-Олон жил зургаар дагнаад явж байгаа хүмүүс зурагтаа чин үнэн сэтгэлийн хайртай байдаг. Үүнээс өөрөөр амьдарч чадахгүйгээ мэддэг. Одоо галерей дээр зургийн үнэлгээ гарчхаад зарах гээд байгаа юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ зураач нар зургаа хэзээ ч зарна гэж зурдаггүй. Дараа нь үнэлгээ тогтоогоод зарагдвал мэдээж бидний талхны мөнгө, материалын мөнгө хэрэгтэй. Зураач, уран бүтээлч хүн бодит материаллаг үнэ цэнийн араас хэзээ ч явдаггүй.
–Таны зургийн онцлог юу вэ?
-Би зургийнхаа онцлогийг өөрөө тодорхойлоход жаахан хэцүү. Мэргэжлийн шүүмжлэгчид тодорхойлдог. Миний зургийн онцлог бол намайг л илэрхийлж байгаа. Үзэсгэлэнгийн гол зураг болох “Сүнс урлал зургийг яруу найрагчдаа зориулж зурсан учраас надад нандин байдаг. Яруу найрагч Э. Бүжинлхам маань хоёр жилийн дараа ирнэ. Иртэл нь зургийг нь хадгална. Living with Trauma гэдэг зурагтаа хайртай. Миний сэтгэл зүйн хүнд байдлын даван туулалтын тухай зураг. Депресст орж, нэлээн уналтад орж байсан үеийн зураг. Тухайн үеийн хэцүү байсан болон даван дуулж чадсанаа илэрхийлж зурсан зураг. Энэ зургийг хоёр жил зурсан.
–Энэхүү үзэсгэлэнгээс хүмүүс юу мэдрээсэй гэж хүссэн бэ?
-Яруу найргийг чимэх гэж ч юм уу. Яруу найргийг уншаад ойлгосноо зурсан гэж харагдаж байж магадгүй. Миний үзүүлэх гэсэн гол санаа юу вэ гэвэл бид хоёрын мэдрэмж маш адилхан. Яагаад хоёр өөр чиглэлээр уран бүтээл туурвидаг хоёр хүний мэдрэмж адилхан байна вэ? Уран бүтээлч хүний өгөгдөл гэж юу вэ? Яагаад энэ хоёр хүний хэм хэмнэл төстэй байна вэ? Уран бүтээлч хүний өгөгдөл цаанаасаа төстэй байдаг юм уу? Түүнийгээ өөр арга техникээр гаргадаг юм биш үү? гэдэг асуултуудад хариу өгөх бас асуух гэж үзэсгэлэнгээ гаргаж байгаа.
Бид хоёрын адилхан мэдэрдэг мэдрэмжийг гурван үгээр илэрхийлбэл. Эмзэг, гүнзгий, мэдрэмтгий.