Монголын кино урлагийг үзэгчид болон шүүмжлэгчид төдийлөн өндрөөр үнэлэхгүй байх хандлага бий. Энэ асуудал дээр кино найруулагч, продюсер А.Миеэгомбо ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрбээр, Монголын кино уран бүтээлүүд тэр дундаа сүүлийн үеийн кинонуудад үзэгчид их ам муутай байдаг. Харин 1990 оноос өмнөх кино уран бүтээлийг их сайн гэсэн дүгнэлт нийтлэг. Миний бодлоор нэгдүгээрт нөхцөл байдал нь өөр юм. 1990 оноос өмнө “Монгол кино нэгтгэл” гэдэг том байгууллага байсан шүү дээ. Тэр байгууллагынхаа нэрэн доор улсаас тодорхой хэмжээний төсөв төсөвлөдөг байсан юм. Тэр нь тухайн үеийнхээ социалист орны хэмжээнд бол кино бүтээхэд яг стандарт өртгөөр нь бүтээж байсан гэсэн үг.
Одоо 90-ээд оны өмнөх үе шиг нэг кинонд гарч байгаа зардлыг тооцоолоод үзэх юм бол бараг л өнөөгийн 2-3 сая долларын хэмжээний зардлыг гаргахаар байгаа. Гэтэл өнөөдөр бидэнд тийм төвлөрсөн байгууллага гэх зүйл байхгүй. Бүх зүйл хувийн хэвшлийн нуруун дээр явж байна. Хувийн хэвшлийн уран бүтээлчид 1-2 сая доллар гаргаад, түүгээрээ эргүүлээд Монголоос ашиг олно гэдэг маш хэцүү. Өөрөөр хэлбэл, үзэгчид бодлогын кино хүсээд байдаг. Боломж нь арилжааны кино байгаад байна гэв.
-Кино урлагийг хөгжүүлэхийн тулд бидэнд юу шаардлагатай байна вэ?
-Нэгдүгээрт хөрөнгө мөнгө. Бидний Sleepless богино кино гэхэд л Сингапураас Sean Lin гэх продюсер бүх зардлыг хариуцсан. Санхүүгийн асуудалд ороогүй учраас бүтээл маань амжилттай явахын нэг үндэс болоод байгаа юм. Дараагийн зүйл нь цаг хугацаа зарах хэрэгтэй. Яарч хийсэн бүтээлийн үр дүн сайн гарахгүй шүү дээ. Гуравдугаарт, уран бүтээлийн баг их чухал. Жүжигчдийн баг, зураг авалтын баг, найруулагчийн баг гээд бүгд нэгнээ бүтээл хийж байх хугацаандаа ойлгож мэдрэх ёстой байдаг.
-Таны хувьд гадны уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Манай уран бүтээлчид юун дээр суралцах ёстой юм шиг санагддаг вэ?
-Авьяас чадвар, хэлбэр хийцийн хувьд бид нар гаднынхнаас дутахгүй. 11 дэх шагналаа хүртээд байгаа Sleepless кинондоо Хүүхдийн ордны драмын дугуйлангийн н.Мөнхжин гэх охиныг сонгож тоглуулсан. Царай зүс, биеийн өндөр нам, тоглолтоо гаргаж байгаа чадварын хувьд ч аятайхан зохицно гэж бодсон маань биеллээ олсон. Харин аавынх нь дүрд нэлээн олон алдартай жүжигчдээс проб хийж байгаад Н.Ялалт жүжигчнийг авсан. Үүндээ их сэтгэл хангалуун байгаа. Манай найруулагчид болон уран бүтээлийн баг Монголд ирээд ажиллаж байхад гол дүрийн хоёр жүжигчин дээр ямар нэг асуудал, хэл ам гараагүй. Маш сайн тоглож байна гэж үзсэн. Үүнээс харахад бид гадны уран бүтээлчдээс чадвар мэдрэмжээрээ дутах зүйл байхгүй.
-Манай кино уран бүтээлийн сэдэв нь хөрсөн дээрээ буудаггүй. Аллага, буу шийдэм болсон action кинонууд их байгаа харагддаг. Шүүмжлэгчид ч энэ тухай ярьдаг шүү дээ. Хөрсөн дээрээ буулгахын тулд таны хувьд сэдэв дээрээ яаж анхаарах ёстой вэ?
-Дээр дурдсанчлан бодлогын бус арилжааны кино бүтээж байж хүмүүс их үзэж байгаатай холбоотой. Дэмжлэг сайн бол хөндөгдөөгүй тулгамдсан сэдвүүд манай нийгэмд түгээмэл. Тухайлбал Монголын утаа агаарын бохирдлын сэдвээр бүрэн хэмжээний кино ч хийж болохоор. Энэ мэтчилэн дэмжлэг л сайн байвал шинээр төрж гарч ирж буй уран бүтээлчдийн чадвар мэдрэмж хангалттай сайн байгаа. Кино урлаг ч гэлтгүй урлагийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг нэн тэргүүн хэрэгтэй. Урлагаа дагаад улсны орны хөгжил яригдана шүү дээ.