Хан-уул дүүргийн 17-р хороонд “Хан хиллс” хотхоны хойд хэсгээс Зайсангийн гүүрний хойд хэсэг хүртэл зам тавих ажил хийж байна. Ингэхдээ Туул голын дагуух бургасыг тайрч байгаа юм.
Замын ажлыг гүйцэтгэж буй “ДАЙМОНД РӨҮД” ХХК-ийн захирал Г.Болдоо “2020 онд анх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хан хиллс” хотхоны хойд талаас Зайсангийн гүүрний хойд талд нийлэх авто замын байгууламж барих тендер зарлагдсан. Өмнө жилээс хойш сунжирч байгаад одоо ажил хэрэг болгож байна. Энэ ажил одоо эхэлж байгаа нь бургастай холбоотой. Учир нь зам тавих нь тодорхой болсон ч бургасыг шууд дур мэдэн устгах, зөөх гэх мэт хувилбар, гаргалгаагүйгээр хийж болохгүй. Байгаль орчны яамны харьяа Туул голын хамгаалалтын газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газар, Хот тохижилтын газар, Төрийн бус байгууллагууд хүртэл байдаг. Эдгээр байгууллагууд руу бид зам тавигдахаар боллоо. Энэ ажлаа явуулахын тулд бургасыг яаж шийдэх вэ гээд өвлөөс хойш албан бичгээр харилцаад, тэд өөр өөрсдийнхөө хариуцсан салбар, эрх үүргийнхээ хэмжээнд бидэнд чиглэл гаргаж өгнө. Бургасныхаа тоо хэмжээг хөндлөнгийн компаниар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэ гэдэг. Үнэлгээгээр л асуудал зохицно. Учир нь замын трастай бургас давхцаж байгаа тохиолдолд хий, агаарт зам тавихгүйгээс хойш энд байгаа бургасыг зөөх эсвэл ямар нэгэн байдлаар шилжүүлэх шаардлагатай болно. Хууль эрх зүйн үүднээсээ хохирлын үнэлгээ нарийвчилсан төлөвлөгөө дээр гарч ирнэ. Түүнд нь хэдэн настай бургас хэдэн ширхэг давхцаж байна гээд нарийн үнэлгээ хийсэн. 48 сая төгрөгийн төлбөр гаргаж төлж байгаа. Тайрч авсан тоо хэмжээний бургасыг зөрүүлээд үржүүлгээс худалдаж авах, эсвэл дахин тариад цэцэрлэгжилтийнх нь зардал ороод ийм зардал гарна гээд тооцдог. Бургас модныхоо хувьд өвслөг ургамалд ордог юм байна. Модлог бол биш. Үндэс доошоогоо их гүехэн суудаг. Тиймээс ийш тийшээ шилжүүлэхэд ургадаггүй юм байна” гэлээ.
Зам тавих ажлыг гүйцэтгэж буй компаниас ийн бургасыг шилжүүлэн суулгах боломжгүй гэх тайлбарыг өгсөн бол Нийслэлийн байгаль орчны газраас тодруулахад бургасыг шилжүүлж суулгана гэх тодорхойгүй мэдээллийг өгсөн юм.
Нийслэлийн байгаль орчны газрын дарга М.Нямбаяр "Бургасыг тайрах биш технологийн дагуу хөрстэй болон хөрсгүйгээр шилжүүлэн суулгах ажлыг наймдугаар сарын 22-ны өдрөөс эхэлж хийнэ. Энэ траст таарсан бургас нь байгалийн болон далан дээгүүр зэрлэгшиж ургасан бургаснууд байгаа. Далангийн дээгүүр ургасан нь зэрлэг буюу сүүлд үрээр ургасан байгаа юм. Үүнийг бид зөөж байгаа. Энд дээр үед асгасан шороон дээр бол ургахгүй. Тиймээс бид хөрстэй нь аваад ойр хэсгээс нь эхлээд шилжүүлэн суулгана. Бургас тайрагдаагүй, тайрч аваагүй байгаа. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийн дагуу экологийн үнэлгээ тогтоох аргачлалын гуравдугаар зүйлээр нөхөн төлбөрийг нь тухайн компаниар төлүүлсэн. Шилжүүлэн суулгалтын төлбөрийг төлүүлсэн гэсэн үг. Голын голидрол болон урсцад их хэмжээний нөлөө орохгүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт байгаа" гэв.