“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ”
Өнгөрч буй үйл явдал, хором мөч бүхэн бидний ой тоонд үлддэг ч түүнийг тодоор санан дурсахад гэрэл зураг тус болдог. Гэрэл зураг олон төрөл байдаг ч өрнөж буй үйл явдлын гэрч болсон баримтат гэрэл зургийн төрөлд өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн гэрэл зурагчин, сэтгүүлч Б.Бямба-Очирыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.
Гэрэл зурагчин, сэтгүүлч Б.Бямба-Очир нь Монголын хэвлэл мэдээллийг гэрэл зургаар хангах бас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагт Монгол Улсад болж байгаа үйл явдлуудыг түгээх, сурталчлах тал дээр ажилладаг MPA агентлагийн үүсгэн байгуулагч, захирал, гэрэл зурагчин билээ.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
–Намайг Бямбасүрэнгийн Бямба-Очир гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. 2013 оноос MPA.mn вэб сайтыг үүсгэн байгуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслийг гэрэл зургаар хангах зорилготой ажиллаж байна.
-Гэрэл зурагчин мэргэжлийг анх хэрхэн сонгож байв?
-10 жилээ төгсөөд тухайн үеийн хүүхдүүдийн л адил аав, ээжийнхээ зөвлөснөөр би эдийн засгаар сурсан. Гэхдээ хоёрдугаар курсээсээ болиод Гэрэл зургийн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар ахынхаа гарын шавь болон тэр үеэс гэрэл зурагт илүү гүнзгий орсон. Хүүхэд байхаасаа гэрэл зураг сонирхон оролддог байсан нь нөлөөлсөн гэж хэлж болно.
-Анх гэрэл зурагчин болоод алдаж онож байсан сургамжтай зүйлсээсээ хуваалцахгүй юу?
-Анх “Өнөөдөр” сонинд ороход Л.Болормаа сэтгүүлч Ерөнхий редактор нь байсан. Тэр үед Урт цагааны талбайд цас цэвэрлэж байсан юм. “За чи гараад цас цэвэрлэж байгаа зураг аваад ир” гээд. Би чинь дөнгөж ороод сар гаран болж байлаа. Очоод зургийг нь аваад байж байсан нөгөө хүмүүс чинь “Алив бидний зургийг аваад өг” гээд хүрзээ бариад зогсож байгаад авахуулчихлаа. Орж ирээд зургаа хуулаад байж байтал “Ингэж зураг авдаггүй юм аа. Ямар монтажны зураг авч байгаа биш дээ. гээд нэг загнаж байсан. Тэр үеэс хойш ер нь хэвлэл мэдээллийн зураг гэдэг бол огт өөр зураг юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлгосон.
-Сэтгүүлчээр сонгон суралцах болсон шалтгаан тань?
-Гэрэл зураг аваад явж байхдаа энэ салбарт ажиллаж байгаа хүн чинь салбарынхаа боловсролыг эзэмшин таньж мэдэхийн тулд энэ чиглэлээр сурах хэрэгтэй гэдэг үүднээс Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчээр сурахаар орсон. "Өнөөдөр" сонины Гэрэл зургийн албанд гэрэл зурагчнаар 2010 онд хүртэл ажилласан. 2010 оноос iNET.mn гээд мэдээний веб сайтыг Ц.Батбаатар багштайгаа нийлээд үүсгэн байгуулж, хамтран ажиллуулдаг байсан. Тухайн үед дөнгөж монголд интернетийн хэрэглээ хөгжиж байсан гэж хэлж болох байх. 2013 оноос жаахан бууралттай болоод эхэлсэн. Тэр үеэс мэдээний сайт гэхээсээ илүү хэвлэл мэдээллийн байгууллагад олон улсын түвшинд хүрсэн мэдээний агентлаг байгуулан гэрэл зураг, видео дүрс бэлтгэдэг веб сайт хийвэл зүгээр юм байна гээд ийм мэдээний агентлаг ажиллуулж байгаа.
-Цаашдын зорилго?
-Миний одоо авч гэрэл зургийн чиглэл бол баримтат зураг. “Нэг зураг мянган үгнээс хүчтэй” гэдэг. World Press гээд дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн гэрэл зургийн уралдаанд байр эзлье гэсэн зорилготой байдаг. Олон улсад адууны зургаар уралдаан зарласан. Түүнд би нэг бүтээлээрээ хүрэл медаль авч байлаа. Би ямар зураг авах хэрэгтэй вэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн салбар цаг наргүй ажилтай байдаг. Магадгүй ажлаасаа халшрах, шантрах үе байв уу?
-Гэрэл зураг, ажлаасаа стерссдэхээсээ илүү кайф авдаг гэж боддог. 2008 оны долоодугаар сарын 1-ны үйл явдал. Тухайн үед “Өнөөдөр” сонинд гэрэл зурагчнаар ажилладаг байсан. Редакцын даалгавраар тэнд очоод гэрэл зураг авсан. Тухайн үед бол би байтугай бусад хүмүүс ч тийм үймээн, самуун болно гэж бодоогүй байх л даа. Миний хувьд илүү сайн, гоё зураг авахын төлөө л явж байсан. Жагсаалын үеэр духныхаа зүүн талд чулуугаар цохиулаад духны ясаа цөмлүүлэн, тархиндаа том гэмтэл авсан. Чулуу тэр үед мөндөр шиг орж байсан. Тэр чулуунуудын нэгэнд цохиулсан.
Хүний духны ясыг цөм цохино гэхээр арай л яг чулуу юм уу, цемент юм уу би сайн мэдээгүй. Их л том л чулуу байсан юм шиг байсан. Толгойгоо хагалуулчхаад Улаанбаатар зочид буудал руу орсон. Менежер залуу нь миний толгойг марлаар боож өгөөд духаа жаахан янгинаж өвдөөд байсан. Би буцаад жагсаал руу гарах гээд л, нөгөө менежер залуу “Бямбаа, чи дахиад ийшээ яваад хэрэггүй байх аа гээд намайг тэнд ирсэн 103-ын түргэний фургонд суулган Гэмтлийн эмнэлэг рүү явж байсан. Эмнэлэгт хэвтсэний дараа миний зургийн аппаратны карт алдаа заагаад форматлагдаад устсан. Түүнд бас жаахан харамсдаг юм.
Зурагтаар буугаар буудаж байгаа дүрс нь гараад бас ийм юм болдог юм байх даа гэж их бодсон. Мэдээж хэрэг энэ бол тэгж хүсээд байх үйл явдал биш юм билээ. Ардаа асар их том, хар зүйлийг үлдээдэг. Асар их хүний амь, нас золионд гардаг.
Хамгийн азтай нь гэх юм уу, юу гэх юм. Хаа ч очиж тархины гэмтэл маань унаж тусдаг ч юм уу ямар нэгэн байдлаар нөлөөлөх нь бага. Жилдээ хоёр удаа тархиндаа эмчилгээ хийлгэдэг. Зарим хүмүүсийн хувьд толгойгоо хагалуулчхаад өөр ажил хийнэ ч гэдэг юм уу. Эсвэл ерөөсөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллахгүй гэдэг тийм зүйл ерөөсөө бодож байгаагүй. Харин илүү их өөрийнхөө хүссэн зүйлээ гэрэл зургаар бусдад таниулах зүйлийг илүү их хийе гэсэн тэмүүлэлтэй болж өдийг хүртэл MPA веб сайтыг тодорхой хэмжээнд хөгжүүлээд явж байгаа.
-Монголын төдийгүй олон улсын хэвлэл мэдээлэлд гэрэл зургаар хангадаг. Одоо олон улсын ямар агентлагуудтай хамтран ажилладаг бэ?
-Энэ дуранг би 2010 оноос дэлхийн мэдээллийн Agency France Press AFP агентлагтай хамтарч ажиллах болоод надад энэ дуранг зураг авахдаа хэрэглээрэй гээд өгч байсан.
Монголын хэвлэл мэдээллийг гэрэл зургаар хангах бас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагт Монгол Улсад болж байгаа үйл явдлуудыг түгээх, сурталчлах тал дээр ажилладаг. Одоогоор European Pressphoto Agency, AFP, Kyodo News, мэдээний агентлагуудтай хамтран ажилладаг. Цаашид олон улсын түвшинд хүрэх, олон улсын түвшинг Монголд нутагшуулах зорилготой байгаа.
Гэхдээ бидний өнөөдөр авч байгаа зураг хүнд гоё сайхан зүйл таньж мэдүүлэхээсээ илүүтэйгээр хүнд үнэн зөв мэдээлэл хүргэж байна.Намайг Б.Бямба-Очир гэж ямар хүн гэдгээсээ илүү миний авсан зургийг хараад хүмүүс таних байх.