ЭМДЕГ-аас өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хувийн эмнэлгүүдэд даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой гэсэн мэдээллийг бид хүргэсэн билээ. Гэтэл энэхүү шийдвэр нь хэрэгжихгүй байгаад иргэд бухимдаж байна.
Тодруулбал бидний хүргэсэн сурвалжилга мэдээллийн доор иргэд, “Хөрсөн дээрээ буугаагүй, худал мэдээлэл. Нэр заасан эмнэлгүүд нь эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхгүй байгаа. Иргэдийг хуурахаа боль” гэх мэтээр сэтгэгдлээ үлдээжээ.
ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баярболд, “Шинэчилсэн 03 тогтоолоор өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг, даатгуулагч шаардлагатай үедээ авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл 165 мянган төгрөгийн хязгаарыг даатгалын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгосон. Эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг иргэд MRI , компьютер томограф, дурангийн тусламжтай хийж байгаа оношилгоог иргэний хариуцсан төлбөргүйгээр эрүүл мэндийн даатгалын сан 100 хувь хариуцахаар зохицуулалттай болсон байгаа. Эдгээр үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан эмнэлгүүдээс дурдвал, Грандмэд, Интермэд, Сонгдо, Мөнгөн гүүр зэрэг томоохон эмнэлгүүд багтаж байгаа” гэсэн юм.
Үүний дагуу бид Сонгдо, Интермэд эмнэлэгүүдээс энэ талаар тодруулахад, Интермед эмнэлгийн хувьд, “Гэрээ хийгээгүй байгаа учраас иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Харин Сонгдо эмнэлгийн Санхүү эрхэлсэн захирал Т.Номин,
-Эрүүл мэндийн даатгалаар шинжилгээ авч байгаа юм уу?
-Доороос асуу л даа. Та нарт мэдээлэл өгөх албагүй. Утсаар лавлаад асуу.
–ЭМДЕГ-ын мэргэжилтэн нь танай эмнэлэгтэй гэрээ хийсэн. Даатгалаар үйлчлэх боломжтой гэсэн. Үйлчлүүлэгчид Сонгдо дээр даатгал үйлчлэхгүй байна гэж байгаа. Та тайлбарлаад өгөхгүй юу?
-Тэгвэл тэр үйлчлүүлэгчээсээ мэдээллээ ав. Чамд мэдээлэл өгөх алба байхгүй. Асуугаад доогуур үйлчлүүлээд эхлээд үз.
Бид энэхүү сурвалжилгаар хувийн эмнэлгүүдийг харлуулж, хариуцлага үүрүүлэх гээгүй. Зөвхөн гэрээ байгуулж, иргэдэд даатгалаар үйлчлэнэ гэх мэдээлэл нь үнэн эсэхийг тодруулах гэсэн юм. Гэтэл Сонгдо эмнэлгийн Санхүү эрхэлсэн захирал Т.Номин оновчтой хариулт өгөлгүй цааргалж байлаа.
Ийнхүү ЭМДЕГ-аас хийсэн мэдээлэл нь хөрсөн дээрээ хэрэгжихгүй, мөн хувийн эмнэлгүүдийн хүнд суртал иргэдийг төөрөгдөлд оруулаад байна.