Австрали улсад Ковид-19 ын дэгдэлттэй холбоотойгоор олон хоногийн хөл хорио тогтоогоод байсан билээ. Тодруулбал тухайн улсын иргэдийн 40 орчим хувь нь хөл хорионд байсан юм. Тэгвэл энэ хориог эсэргүүцэн иргэд гудамжинд жагсан цагдаа нартай мөргөлдсөн байна.
Австрали улсын хамгийн олон хүн амтай Сидней хотод COVID-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол илэрсэн тул хөл хориогоо чангатгасан. Шинэ Өмнөд Уэльс мужид өдөрт 356 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан нь бүгд Сидней хотын иргэд байсныг мужийн захирагч Глэдис Бережиклиан өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар Австралид 10 сая хүн цар тахлын улмаас хөл хорионд байгаа юм. Шинэ Өмнөд Уэльс бол халдварын тархалтыг дарахын төлөө тэмцэж, хөл хорио тогтоогоод байгаа Австралийн хамгийн том мужуудын нэг юм. Тус мужийн захиргаа даваа гарагт Сиднейгээс баруун хойд зүгт 414 километрт орших Тамворт хот, Сиднейгээс хойд зүгт 770 километрт жуулчдын төв цэг Байрон бэй хотын хөл хориог нэмэгдүүлсэн юм. Тодруулбал, хязгаарлалтыг зөрчин Тамворт хотод аяллаар очсон хоёр хүнээс халдвар илэрсний дараа долоо хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. Мужийн захирагч Глэдис Бережиклиан “Тамворт хотод нэг долоо хоногийн хөл хорио тогтоож, сэрэмжтэй байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөсөн” гэжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон вакцинжуулалтыг удаашруулснаас үүдэн 16-аас дээш насныхны 22.5 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа нь маш бага үзүүлэлт юм гэжээ. Гэвч Ерөнхий сайд Скотт Моррисон иргэдээ тэвчээртэй байхыг уриаллаа.