Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Тайм тауэр" хотхоны орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн авто зам дээр хашаа барьж буйг тус хотхоны оршин суугчид эсэргүүцэж байна. Энэ ажлыг "Энканто" хотхоныг тусгаарлахын тулд хийж байгаа аж.
Оршин суугчийн зүгээс "Галын аюулгүй байдал, онц байдлын үүднээс ямар ч хотхон хоёр орц, гарцтай байх ёстой. Хот төлөвлөлт ингэж явдаг. Мэргэжлийн инженерүүд нь тооцоолоод орц гарцыг нь хийчихсэн байхад “Энканто” хотхоныхон хашиж, онцгой нөхцөлд онгойх хаалгыг нь хаачхаж байгаа юм. Ингэснээр том оврын машин багтах боломжгүй болж байна. Гал гараад хүний амь эрствэл энэ байгууллага хариуцлага хүлээхгүй шүү дээ. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн дагуу хашаа барьж байгаа юм. Эндээс хүмүүсийг оруулахгүй, гаргахгүй гэж л тусгаарлах хашаа барьж байгаа. Энэ нийтийн эзэмшлийн газар. Компанийн өмч биш. Бид ингэж хашиж болохгүй гэж тэмцээгүй. Ядаж галын машин орох боломжтой болгооч л гэж байна" гэлээ.
Харин гүйцэтгэгч компани болох “Камдер” ХХК-ны зүгээс "Оршин суугчдын төлөөлөлтэй тохиролцоо хийсэн. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс нь л эсэргүүцээд байгаа юм. Хотхонууд хоорондоо тусгаарласан хашаа байдагтай адилхан хоёр хотхоныг тусгаарлаж байгаа түр хашаа" гэх тайлбарыг өгөв.
Энэ асуудлаар "Тайм тауэр" хотхоны оршин суугчид холбогдох байгууллагад хүсэлт илгээсний дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, зөвшөөрөлгүйгээр хашааны суурийн бетон цутгасан “Камдер” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барьсан суурийг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэсэн байна.