Америкийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Боб Диланыг 56 жилийн өмнө буюу 1965 онд хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ. Манхэттений Дээд шүүхэд түүний эсрэг нэгэн эмэгтэй нэхэмжлэл гаргасан бөгөөд уг баримтад түүнийг 12 настай охинтой бэлгийн харилцаанд орсон тухай бичсэн байна. Энэ нэхэмжлэлийг гаргасан 68 настай эмэгтэй нь Коннектикут мужид амьдардаг бөгөөд нэрээ нууцалж, шүүхийн баримтад зөвхөн J.С. гэсэн хоёр үсгээр өөрийгөө танилцуулжээ. Дилан Нью-Йорк дахь гэртээ түүнд зургаан долоо хоногийн турш мансууруулах бодис, согтууруулах ундаа өгч, бие махбодын хүчирхийлэлд автуулж байсан тухай дурдсан байна. Мөн сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, сэтгэцийн гэмтэл үүсгэсэн хэмээн буруутгажээ.
80 настай дуучны төлөөлөгч нар үүнийг гүтгэлэг, ор үндэсгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдэж байгаа юм.
Боб Дилан урлагт хөл тавьснаас хойш 60 жилийн хугацаанд 125 сая ширхэг цомог борлуулж, хэд хэдэн удаа "Грэмми" шагнал хүртэн, Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон, Нобелийн утга зохиолын шагналтай дуучин билээ.
Эх сурвалж: ВВС