Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад удирдлагын багаас 2024 он хүртэл түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
2019 онд гаргасан түгжрэлийн динамикаас харахад долдугаар сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс багасч, наймдугаар сарын 15-наас хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгджээ.
Түгжрэлд цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулийн хичээл эхлэх хугацаа, цагаар сар шинэ жил зэрэг тэмдэглэлт баяр нөлөөлдөг байна. Харин түгжрэлийг бууруулах шийдлийн тухайд хамран сургах тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэйг нийслэлийн удирдлагууд онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн авто машины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая Сангийн яаманд хүргүүлсэн. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана.
Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна.
Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна.
Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.
2019-2020 онд 11,8 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Хэрэв жил бүр автомашины тоо 80 мянгаар нэмэгдээд байвал хэтдээ 24,3 их наяд төгрөгийн алдагдалтай байх тооцоолол байна.
Хууль эрх зүйн чадамжгүй, санхүү төсвийн хангалтгүй байдлын улмаас сүүлийн 30 жилд нийслэлд гажуудал үүссэн. Сүүлийн 20 жилд батлуулж чадаагүй нийслэлийн эрх зүйн тухай хуулийг сая баталлаа. Улаанбаатар хотод өөрийн гэсэн дүрэм, стандарт байх ёстой. Цаашид хотын түгжрэлийг бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглана.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай.
Хотын үл хөдлөх хөрөнгийн, замын хураамж буюу татварын асуудлыг ярих болоогүй байна. КОВИД-19 халдварын хүн нөхцөлд иргэд, ААН-үүд орлогүй байгаа одоогийн нөхцөлд татварын асуудал ярьж болохгүй гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэн тэргүүний ач холбогдолтой авто зам, байгууламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамжийг ашиглан хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээнүүдийг эрэмбэлж, тооцоолол хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөөр хотод шинээр 1500 орчим км зам барих шаардлага байгаагаа нэн шаардлагатай 432 км авто зам барина. Үүнээс эхний ээлжид түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км, дөрвөн төрлийн замын байгууламжийг нийт долоон төрлөөр ангилсан. Энэ ажлыг ирэх гурван жилд барьж байгуулснаар хөдөлгөөний эрчмийн нягтрал 50 хувь, авто замын түгжрэлийг 20 гаруй хувиар бууруулна гэж тодорхойлжээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөлтийн хүрээнд нийт 26 дэд төв байгуулахаар тусгагдсан бөгөөд үүнээс хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 16 дэд төвийг 2025 он гэхэд барихаар төлөвлөжээ.
АХБ, Европын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр гурван үе шатай 2014 оноос эхэлсэн төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалт 90 хувьтай, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт зэрэг 4 олон нийтийн төвүүдийн зураг төсөл энэ онд дуусаж бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ.
Нийт 6 дэд төв барих ажил 2024 он гэхэд дууссанаар нийт 33400 өрхийн орон сууц, 55 мянган шинэ ажлын байр, төрийн 22 сургууль, 55 цэцэрлэг, спортын ордон зэргийг барих дэд бүтэц бий болж, ногоон байгууламж, төр захиргааны барилга байгууламжийн зориулалттай талбай одоогийнхоос 1,5 дахин нэмэгдэж, төрийн үйлчилгээний 12500 ажлын байр бий болно. Мөн хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээний зориулалттай талбай дөрөв дахин нэмэгдэж 27360 ажлын байр бий болох нийгэм, эдийн засгийн нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэжээ. Дээрх 16 дэд төв ашиглалтад орсноор төв рүү чиглэх авто замын хөдөлгөөн, төвлөрөл 20 гаруй хувиар буурах аж.