Өнгөрсөн мягмар гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан хэсэг залуус руу хүрз барьсан иргэн дайрч сүрдүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Иргэнд ямар хариуцлага тооцож байгаа талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас бид тодрууллаа. Цагдаагийн байгууллагаас хүрз барьж бусад руу дайрсан этгээдийг хэн болохыг тогтоосон. 45 настай Б гэгч байсан бөгөөд энэ асуудал дээр Зөрчлийн хэрэг нээжээ. Зөрчил гаргасан иргэн Б буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Тиймээс түүнд хуульд тохирсон хариуцлагыг хүлээлгэнэ гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр хүрз барьж дайрсан иргэн Б-гийн гэр нь цэцэрлэгт хүрээлэнгийн ойр байдаг. Улмаар өглөө 05:00 цаг өнгөрөөд их чимээ гарч, хөгжим дуугарч эхэлсэн учраас уур нь хүрэхдээ гэрээсээ гарч эл танхайрах үйлдлийг хийсэн талаараа мэдүүлжээ.
Хүрз барьж гарч ирсэн талаараа тэрбээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан учраас залуусыг уурандаа айлгая л гэж бодсон. Тухайн үед нохойгоо салхилуулхаар гарсан учраас нохойны ялгадсаа цэвэрлэхээр хүрзтэй явсан, түүгээрээ залуусыг айлгаснаа хүлээн зөвшөөрнө гэжээ. Түүнийг тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан залуусын хувьд долоо хоногийн гурван өдөр ийн эртлэн хөгжмийн аянд дасгал хийдэг байсан гэж мэдүүлжээ. Улмаар зориулалтын олон нийтийн газар учраас Зөрчлийн хуулиар тэнд байсан залууст арга хэмжээ тооцох ямар ч үндэслэлгүй юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулвал хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Харин залуус олон нийтийн газарт дасгал сургуулилт хийж байсан учраас хариуцлага тооцох боломжгүй аж.
Харин хүрз барьж, залуусыг сүрдүүлсэн иргэн хуулийн хариуцлага хүлээнэ. Тодруулбал, түүнийг Зөрчлийн хуулийн 5.2 буюу танхайрах зүйл ангиар шалгуулж байна. Цагдаагийн байгууллагаас түүний хэргийг прокурорт шилжүүлж, прокуророос түүнийг шүүхэд шилжүүлэх юм.
Ингэснээр шүүхээс түүнд 100 мянган төгрөгөөр торгох юм уу 7-30 хоног баривчлах ялаар шийтгэх юм.
Зөрлийн хуулийн 5.2 дугаар зүйл. Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн заажээ.