Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаал гарсан. Үүнд 4-5 настай хүүхдийн бүлгийн анги дүүргэлт 20-25 хүүхдээс хэтрүүлэхгүй, сургалтыг холимог буюу танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Дуу хөгжим, биеийн тамирын хичээлийг хийхгүй байхаар тусгажээ.
ЕБС-д мөн ялгаагүй 20-25 хүүхэд хичээллүүлэх ба 5/9 зарчмаар буюу долоо хоногоор ээлжилж, сургалтын холимог хэлбэрээр явна. Дельта хувилбарын тархац ихэсвэл хүүхдүүд 4/10 зарчмаар хичээллэнэ. Нэг ангийн нэг хүүхэд өвдсөн бол ангиараа зайгаар хичээллэнэ. 12-оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учир нэг ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоног зайнаас, 12-оос дээш насны сурагчтай ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоног цахим хэлбэрт шилжинэ гэв.
Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана, давхар хооронд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тандалт судалгааны баг ажиллана. Эцэг эхчүүд хүүхдийн хувцас солих өрөөнд орохгүй. Сургууль дээр байх хугацааг аль болох бага байлгахаар зохицуулна. Өвлийн улиралд цонх онгойлгох боломжгүй байдаг учир бүх сургууль, цэцэрлэгт механик агааржуулалтын системийг нь шалгаж, зөвлөмжийг хүргүүлсэн. Сургуульд бүгд масктай байх ёстой бол одоогийн тушаалаар цэцэрлэгт багш масктай, хүүхэд маскгүй байна гэж байгаа ч хэрэв тархалт ихэсвэл хүүхдүүдийг маск зүүх ёстой хэмээн өөрчлөхийг үгүйсгэхгүй гэлээ.