Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн авто зам дээр хашаа барих гэж байгаа талаар тус хотхоны оршин суугчид эсэргүүцэл илэрхийлж, жагсаал хийлээ.
Тайм тауэр хотхоны СӨХ-ны дарга С.Содгэрэл "Манай хотхоны зам дээр түргэний болон галын машин эргэх боломжгүй болтол хашиж, бетон, төмөр хашаа барих гэж байна. Энэ асуудлаар тухайн компанийн удирдлагуудтай уулзах гэсэн ч биднийг хүлээн авч ямар ч шийдэл өгөхгүй байгаа юм. Газар шорооны ажил эхлэхэд нь шаардлага хүргүүлсэн ч ямар ч төрийн байгууллага ирж шалгаагүй.
Манай хотхон 500 гаруй өрхтэй. Ер нь хотхон дотор хоёроос дээш орц, гарцтай байх ёстой. Газар хөдлөлт, гал гарах гээд гэнэтийн аюул бий. Гэтэл манай хотхон ганцхан орц гарцтай. Онцгой нөхцөлд онгойх хаалга гаргаж өгөөгүй.
Төрийн байгууллагын төлөөллүүд ирж орц, гарцыг харж, одоогийн нөхцөл байдалтай танилцахыг хүсэж байна. Бид аюулгүй, амар тайван орчинд амьдармаар байна. Гэтэл хотхоноос хойшоо гарахад иргэд төв зам руу машин замаар явдаг. Барилга барьж болно. Гэхдээ оршин суугчдаа бодмоор юм. Хотхон тойрсон хашааг буулгахыг шаардаж байна" гэдгийг хэлэв.
Харин "Камдер" ХХК-ийн төлөөлөл "Хотхон хооронд тусгаарласан хашаа барих гэж байгаа. Өмнө нь ийм хашаатай байсан. Галын тэрэг орж ирэхэд хоёр дахь гарцыг хийж өгнө. Гүйдэг хаалга, явган хүний гарцыг хийнэ" гэлээ.