ЭМЯ-наас өнөөдөр ковидийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Зарим хүнд КОВИД-оор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах бөгөөд толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч байгаа. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна.
Халдвар авч байгаа хавьтлын судалгааг хийгээд үзэхэд танихгүй хүнээс гэхээсээ илүүтэй, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөөсөө халдвар авах тохиолдол их байгаа. Найр наадам хийхгүй, очихгүй байх нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэй.
Түүнчлэн олон хүн цугласан газарт очихгүй байх, агаар сэлтгэлт сайн хийхийг зөвлөж байна.
Гурав болон зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үед бүх шатны эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд КОВИД-19 халдварын эсрэг ажиллаж байсан. Гэсэн ч ачааллаас давсан хоцрогдол гэдэг зүйл үүсэж байсан. Үүнийг үүсгэхгүйн тулд иргэн бүрийн хариуцлага чухал байна" гэдгийг хэллээ.
Орон нутагт гарч байгаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь олон тооны найр, наадмаас үүдэлтэй байгаа бөгөөд иргэд амны хаалт зүүхгүй байгаа нь нөлөөж байгааг ЭМЯ-наас анхааруулж байв.
Халдвараас сэргийлэх энгийн аргууд буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт хийх нь вирусийн аль ч хувилбараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.