Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний цаад шороон зам усанд автаж сэтэрчээ. Иймд Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумаас Мөрөн сум руу орох хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Улсын хэмжээнд өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Дэлгэрмөрөн гол үерийн аюултай түвшинд хүрсэн тул Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шалгалт өгөх сурагчдыг завиар зөөвөрлөн гол гатлуулах ажиллагааг явуулжээ.
Иргэд:
Шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэж амь насаа эрсдэлд оруулахгүй байх,
Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, харгалзах хүнгүй малд явуулахгүй байж хараа хяналтаа сайжруулах
Голын ус нэмэгдэж байгаа энэ үед гол нуурын эргээс хол өндөрлөг газарт гэрээ барих,
Амралт аялал зугаалгаар явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж голын усанд орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар