Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад олгох шагнал урамшууллын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн.
Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан.
Тамирчдад байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.
Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн
Ц.Цогтбаатар, Уранцэцэг нарыг Баянхонгор аймгийнх нь нутгийн зөвлөл нь хүлээн авч байр өгсөн. М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, С.Моллай Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус Гавьяат тамирчин цол, орон сууц олгохоор төлөвлөж байна" гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.
Тус журмын 2.1 дэх заалтын “Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ” гэсэн хэсэгт олимпын наадмын алтан медальд 120 сая төгрөг, мөнгөн медальд 60.0 сая төгрөг, хүрэл медальд 30.0 сая төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. Журмын 3.1 дэх заалтад дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг “… тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэсэн заалттай.
Мөн журмын 4.1 дэх заалтаар олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд 4.0 сая төгрөг, мөнгөн медаль авсан тамирчинд 3.0 сая төгрөг, хүрэл медаль авсан тамирчинд 2.0 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр олгохоор зааж, 5.5 дахь заалтын дагуу сар бүрийн урамшуулал нь ирэх оны 2022 оны 1 -р сараас эхлэх олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл журмын дагуу “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн манай 4 тамирчинд сар бүрийн урамшуулал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдоно.
Одоогийн байдлаар “Токио 2020” зуны олимпын наадмаас медаль авсан 4 тамирчин, түүний дасгалжуулагчид ногдох нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 225.0 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Мөнгөн шагнал олгох тухай” А/234 тушаал гарч, олгоход бэлэн болоод байна.
Мөн олимпод амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа цар тахлын үеийн журмын дагуу Токио хотоос хамгийн сүүлд ирсэн баг тамирчдын 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа буюу 2021.08.25-ны өдрийн 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн өдрийн 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзахаар товлогдсон.
“Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон баг тамирчдаас Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Саеид Моллай мөнгөн медаль, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд Б.Болортуяа хүрэл медаль тус тус хүртсэн.
Мөн Хүндийн өргөлтийн 87 кг-ийн жинд М.Анхцэцэг, Жүдо бөхийн 66 кг-ийн жинд барилдсан Ё.Басхүү, Боксын 57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Чөлөөт бөхийн 65кг-д С.Батцэцэг, 57кг-д Б.Хонгорзул, 50кг-д Ц.Намуунцэцэг, М.Лхагвагэрэл нар тус тус шагналт байруудад шалгарч, Монгол улсын баг тамирчид багийн дүнгээр 206 орноос 71 дүгээр байрт шалгарсан.
Дэлхий даяар автсан “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд Монголын баг тамирчид тавьсан зорилгодоо хүрч түүхэндээ анх удаа багийн спортын төрөл 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр эрх авч, мөн эмэгтэй тамирчдын тоо давамгайлан, 10-н тамирчин медалийн төлөө өрсөлдөж, спортын 10 төрлөөр 43 эрх авч оролцсон онцлогтой олимп боллоо.