Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хийхээр товлоод байв.
Гэвч шүүгдэгч Г.Амарбат нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Баурижан шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны есдүгээр сарын 8-ны 10:00 цагт товлолоо.
Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргасан.
Хэргийн талаар эргэн сануулахад, Ш.Батхүүг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 23.22 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3, 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нийт 8 жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг 7 жил хорих болгон өөрчилж шийдвэрлээд байсан юм.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар