Сонсголын бэрхшээлтэй ч маш их зүйлийг хийхийг хүсэж, шаргуу хөдөлмөрлөж яваа Б.Анужин охины “аниргүй” ертөнцтэй танилцаж, халуун яриа өрнүүллээ.
Тэрбээр тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр суралцаж байгаагийн зэрэгцээ АНУ-ын Засгийн газраас зарладаг “Global ugrad” оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас тэнцсэн хоёр хүүхдийн нэг юм.
-Бага насныхаа тухай яривал…
-Манай хамаатнууд дунд сонсголын бэрхшээлтэй хүн байдаггүй. Гэтэл би хорвоо дээр мэндлэхдээ л дуу чимээг мэдэрдэггүй, сонсголгүй байсан. Ганцаархнаа сонсголгүй учраас нийгмийн харилцаанд орж чаддаггүй, гэр бүлийнхэнтэйгээ ч харилцах учраа олдоггүй байлаа.
Таван настай байхдаа энгийн цэцэрлэгт явсан юм. Тэр үед харилцах хүн байхгүй байсан. Тийм болохоор өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Нэг эрхтэн маань бусдаас дутуу хөгжсөн гэдгээс маш их ичдэг байсан. Азаар хамаатантайгаа нэг цэцэрлэгт явж таарсан. Тэр манай доод анги хэдий ч надад өөр таньж мэдэх хүн байхгүй болохоор түүнийг дагаад л яваад байсан.
Хожим гэр бүлийнхэн маань сонсголгүй хүүхдийн тусгай цэцэрлэг нээгдсэн гэж сонсоод намайг оруулсан. Тэр цэцэрлэгт орохдоо би маш их баяртай байсан. Тэнд сурах хоёр жилийн хугацаанд өөртэйгөө ижил хүүхдүүдтэй харилцаа үүсгэж, дохионы хэл сурч байлаа. Манай ангийн багшийг Баасанжав гэдэг байсан. Багш маань ч бас сонсголгүй учраас харилцахад хялбар. Энэ үед л анх удаа чин сэтгэлээсээ хүнтэй харилцаж, зүрхэнд хүрч, сэтгэлд шингэсэн халуун дулаан мэдрэмж авсан.
Намайг зургаан настай байхад дүү минь мэндэллээ. Гэтэл бас сонсголгүй. Тэр үеэс хойш дүүтэйгээ үргэлж ярилцдаг болсон. Дүү маань хорвоод мэндэлсэн өдрөөс хойш би ганцаардал гэдэг зүйлийг мэдрэхээ больсон доо.
–Гэр бүлийнхэн нь дохионы хэлтэй юу. Яаж хоорондоо харилцдаг вэ?
-Гэрийнхэнтэйгээ ярилцах учраа олдоггүй, дохио зангаагаар ойлголцдог байсан. Харин миний орсон тусгай цэцэрлэгээс аав ээжид дохионы хэл зааж, улмаар гэр бүлтэйгээ ярилцах, сэтгэлээ нээх боломжтой болсон. Мөн хорвоотой танилцаж, сонсголтой хүмүүсийн амьдралыг ойлгож, нийгмийн харилцаанд орж эхэлсэн.
Төрөлхийн сонсголгүй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь эцэг эх нь сонсголтой байдаг. Тиймээс хүүхдээ сонсголын бэрхшээлтэй төрөх талаар мэдэхгүй учраас дохионы хэлний ямар ч мэдлэггүй байдаг. Тийм болохоор манай улсад сонсголын бэрхшээлтэйн улмаас эцэг эхтэйгээ харилцаж чадахгүй хүүхдүүд маш олон байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ харилцан ярилцаж, гадаад орчноо мэдэрч, мэдээлэл авч чадахгүй байхаар таагүй мэдрэмж төрдөг. Гэтэл манай улсад дохионы хэлийг аав ээжүүдэд заах тогтолцоо байдаггүй нь харамсалтай.
–Тусгай хэрэгцээт боловсролын багшаар суралцаж байгаа гэсэн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Би МУБИС-д Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр гурав дахь жилдээ сурах гэж байна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс амьдралын жижиг зүйлсийг ч мэддэггүй. Жишээлбэл босго дээр гишгэж болдоггүй гэдгийг саяхан хөдөө явахдаа найзаасаа мэдэж авсан. Энэ мэт сонсголын бэрхшээлтэй хүний мэдэхгүй маш олон зүйлс амьдралд байгаа. Тиймээс энэ хүмүүст амьдралыг харах цонх болж, тэднийг энгийн хүнтэй харилцах гүүр болохын тулд энэ мэргэжлийг сонгосон юм. Өөрөөр хэлбэл амьдралын олон сайхан зүйлийг сонсголгүй хүмүүст дамжуулж, энэ нийгэмд олон сайхан зүйл байдаг гэдгийг харуулахын тулд сонгосон.
-Влог, youtube суваг хөтөлдөг юм байна. Яагаад хийх болсон бэ?
-Өмнө нь хүмүүстэй биеэрээ харилцаж, нүүр нүүрээ харж ярилцаж байсан. Гэтэл гэнэт цар тахал гараад хүмүүстэй харилцаж чадахгүй болсон.
Дохио сурах хүсэлтэй олон хүмүүс байдаг юм байналээ. Хоёр жилийн өмнө нэг охин дохио сурмаар байна гээд бичлэг хийгээч гэж санал тавьсан. Бас хүмүүс надаас дохионы хэлний орчуулга хийлгэх хүсэлт их тавьдаг. Хүн бүрт нэг бүрчлэн хариулахад маш их цаг хугацаа орох учраас яаж хялбараар шийдэх талаар бодсоны эцэст бичлэг хийж байршуулахаар болсон. 2020 оны гуравдугаар сараас эхлэн хийж эхэлсэн юм.
Харин влогийн хувьд “AnuHarchu” гээд youtuber-ийг их үздэг. Өдөр тутмын амьдралаа үзүүлэхийн зэрэгцээ төлөвлөгөө гаргаж, bujo хөтөлдөг. Түүнийг үзээд сонсголгүй хүмүүст зориулсан ийм бичлэг байгаа эсэхийг судалсан ч нэг ч байгаагүй. Тийм учраас энгийн хүмүүсийн сонирхон хийдэг зүйлс болоод хэрэгтэй мэдээллийг сонсголгүй хүмүүсийн ертөнцөд оруулж, үзүүлье гэж бодоод “Миний аниргүй ертөнц” нэртэй влог хийж эхэлсэн байгаа.
Сонсголгүй хүмүүс энгийн хүмүүсээс мэдээллийг үргэлж хоцорч авдаг учраас олон боломж алдаж байдаг. Энгийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхуулахын тулд влогоо цаашид ч хөтөлсөөр байх болно.
–Тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Орчуулагчийн асуудал, харилцаа л саад болдог. Би сонсож чадахгүй учраас мэдээллийг харж, ажиглаж хүлээж авдаг, гараараа ярьдаг. Гэтэл очсон газар бүртээ хүмүүстэй харилцаж чаддаггүй.
Сонсголын бэрхшээлгүй хүмүүс нийгэмд дуу хоолойгоо хүргэж, асуудлаа шийдвэрлүүлэх амархан. Гэтэл сонсголгүй хүмүүсийг хэн ч тоодоггүй. Хаалттай хэвээрээ байдаг.
Тухайлбал, 2017 онд 29-р тусгай сургуулийн сурагчид бүх хичээлийг дохиогоор зааж өгөөч гэж тэмцэл гаргаж байсан. Гэтэл хэн ч тоогоогүй, энэ асуудлыг шийдвэрлээгүй. Харин ковидын халдвар авсан эхийг өвлийн хүйтэнд нимгэн хувцастай гаргаж, зөөвөрлөлөө гэх үед хүн бүр сэвж, дуу хоолой нь маш түргэн хүрсэн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ч сонсдог нийгэм байгаасай гэж хүсэж байна.
-Ирээдүйн монгол улсыг ямар байгаасай гэж хүсэж байна?
-Манай улсын иргэд хэтэрхий хувиа хичээсэн. Өөрөө л болж байвал бусад зүйлс хамаагүй.Хуваалцдаг, нэгэндээ тусалдаг, элэгсэг дотно ард түмэн байгаасай гэж хүсэж байна. Төр засаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч, хангалттай орчин бүрдүүлж өгвөл бид бусадтай адил хүн учраас бүх зүйлийг хийж чадна.
– Цаашдын зорилгоо хуваалцаач?
-Би манлайлагч байхыг хүсдэг. Гэхдээ сонсголгүй хүмүүсийн урд гарах биш, ард нь байж, дэмжиж туслахыг хүсдэг. Сонсголгүй олон мянган хүнийг нийгэмд тэгш эрхтэй байлгахын тулд тэдний төлөө бүхнийг хийх болно.
Сонсголын бэрхшээлтэй хүн энгийн хүнээс ч илүү их зүйлийг хийж бүтээх боломж байгаа шүү гэдгийг харуулахыг хүсдэг. Маш их зүйлийг хийж бүтээгээд сонсголгүй атлаа мундаг байна гэж бусдыг алмайруулах болно. Тэр үед төр засагтай хамтраад сонсголгүй иргэдийн боловсролын асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна.
-Хүмүүст хандаж хэлэх үг байна уу?
Сонсголгүй хүмүүсийг дандаа дэмжиж тусалдаг Соёлмаа гэдэг эгч байдаг юм. "Global UGRAD" хөтөлбөрт тэнцэхэд минь тусалж, өдий зэрэгт хүргэсэн эгчдээ маш их талархаж байна.
Харин хүмүүст хандаж хэлэхэд хагжлийн бэрхшээлтэй ч гэсэн бид та бүгдтэй адилхан хүн шүү. Нэг эрхтэн л хөгжөөгүй болохоос адилхан сэтгэл зүрхтэй. Тийм учраас гудамжинд таарсан ч битгий халгааж, зүрхшээж байгаарай. Сэтгэл эмзэглүүлэх үйлдэл битгий хийгээсэй гэж хүсэж байна.