Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар УИХ-ын 18 гишүүн гарын үсэг зураад байгаа гэх мэдээлэл бий. Энэ асуудал дээр иргэд болон улс төр судлаач Л.Золбаатарын ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Иргэд:
- Анх талбай дээр таван сайхан залуу гараад ард түмнийхээ амьдралыг дээшлүүлнэ гэж хэлсэн шүү дээ. Хэрэгжиж байгаа зүйл ч байна. Хэрэгжихгүй зүйл ч байна. Хэрэгжихгүй нь дийлэнх талдаа болов уу гэж бодож байна. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам муудаад байна шүү дээ. Ядуугаа байг гэхэд дунд түвшнийх байж болдоггүй юм болов уу гэж бодож байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар амласнаа биелүүлэх хэрэгтэй байна.
- Ерөнхий сайд боломжийн л ажиллаж байх шиг байна. Гэхдээ эх орны нөхцөл байдал амаргүй байна шүү дээ. Зарим зүйлүүд дээр шийдэмгий бус байгаа нь анзаарагддаг.
- Амласан хэмжээнд хүрч чадахгүй болохоор сэтгэл дундуур байна. Огцруулах нь ч юу юм. Амласан хэмжээндээ ажиллахгүй бол нэг хүн огцруулж дахин томилж цаг хугацаа алдаж байснаас байгаад ажлаа хийж байсан нь дээр гэж бодох юм.
- Хийж буй ажлууд нь нийгэм, ард түмэнд төдийлөн үр дүнгээ өгөөгүй гэж зарим талаас үзэж байгаа боловч энэ бол цаг хугацааны асуудал. Үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.
Харин MEC судалгааны компанийн захирал, судлаач Л.Золбаатар,
“Ерөнхий сайд, Засгийн Газрын үйл ажиллагааг иргэд шүүмжлэх нь хэвийн үзэгдэл. Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын нэг онцлох зүйл байна. Л.Оюун-Эрдэнэ хэрэг эрхлэхийн дарга байхаасаа эхлээд Рио-Тинтотой байгуулсан ОюуТолгойн гэрээг шинэчилж шалгах асуудал дээр идэвхтэй ажилласан. Энэ нь Засгийн Газрын хамгийн том сорилт байх. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ Дубайн гэрээнд өөрчлөлт оруулаад монголчуудад илүү ашигтай, хүртээмжтэйгээр гэрээнд өөрчлөлт оруулж чадвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын том ололт, түүхэнд үлдэх зүйл нь болох байх. Энэ бол хийж буй ажлуудаас нь хамгийн чухал нь гэж харж байгаа.
Ерөнхий сайдтай тэмцэж байгаа нам доторх бүлэглэлүүд нь нэлээн идэвхжиж байх шиг байна. Энэ нь магадгүй Рио-Тинтотой байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тал дээр идэвх гаргаж байгаатай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн Газрыг ийм шалтгаанаар унагааж байсан шүү дээ” гэв.