Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар томилжээ. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал нь долдугаар сарын 4-нөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Д.Оюунхорол 2000 онд анх МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдож улс төрд орсон. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан түүнийг МАН хоёр ч удаа салбарын сайдаар ажиллуулсан байдаг. Байнгын хорооны даргын албыг хүртэл хашиж байсан түүнд өдгөө ч нам нь албан тушаал өгөхгүй л бол өртэй мэт байсан учраас Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг шинэ албан тушаалыг хүртэл бий болгон түүнийг томилжээ. Түүний нөхөр Г.Жаргалсайхан Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар ажилладаг билээ.
МАН үнэнч гишүүдээ нөхөртэй өөртэй нь өөд нь татдаг гоё нам юм. Ийм ч учраас хүмүүс намд орох гэж хошуурах нь аргагүй биз ээ.
Ингээд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын намтрыг танилцуулъя.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
- 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
- 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
- 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
- 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
- 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга